Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өгсөн юм. 

Багшийн хомсдолын асуудал Монгол Улсад үүссэн, хамгийн ачаалалтай, цалин багатай мэргэжил багш гэх шүүмжлэл нийгэмд өрнөдөг. Гэхдээ нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд Монгол Улс өнөөдөр багшийн хомсдолд ороогүй гэдгийг тэрбээр ярилаа. 

Үргэлжлүүлэн "Хамгийн бага цалинтай мэргэжил багш биш. Үүнийг хэт туйлшруулж ойлгож болохгүй. Өнөөдрийн байдлаар багш нар үндсэн цалингаас гадна зургаан төрлийн нэмэгдэл авч байна.

Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо сүүлийн хоёр жил хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл үр дүн, гүйцэтгэлээс шалтгаалан урамшуулал авдаг.

Нэг хүүхдийг сургах хувьсах зардалд өөрчлөлт хийснээр багшийн халааснаас гардаг байсан хичээл, практикийн зардлыг олгодог болсон. Ингэснээр багш нар нэг хичээлийн жилд 200,000 төгрөгийн зардал авч, хичээл сургалтдаа зарцуулдаг болоод буй.

Тодруулбал

  • Интернэтийн зардалд 15,000-20,000 төгрөг
  • Багшийн хөгжлийн зардалд 200,000-300,000 төгрөг
  • Багшийн эрүүл мэндийн зардлыг нэг хүүхдийг сургах хувьсах зардалд оруулсан.

Хөдөө орон нутгийн багш болон Улаанбаатарт ажиллаж байгаа багш нарын дундаж цалингийн хэмжээг танилцуулъя. 

Зөвлөх зэрэгтэй сумын багшийн үндсэн цалин нь 1,273,000 төгрөг. Үүн дээр төрийн албанд ажилласан хугацаанаас шалтгаалж, 1-15 хувь хүртэл нэмэгдэл авдаг. Түүнчлэн

  • Орон нутгийн нэмэгдэл нь 10 хувь
  • Зөвлөх, тэргүүлэх, арга зүйч багшийн зэргийн нэмэгдэл 20 хүртэлх хувь
  • Анги даасан багшийн нэмэгдэл таван хувь 
  • Ур чадварын нэмэгдэл 10 хувь

Гүйцэтгэлд суурилсан үр дүнгийн урамшуулал 5-25 хувь байсныг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хамгийн сайн гүйцэтгэл гаргасан багш 50 хүртэл хувийн урамшуулал авах боломжуудыг нээж байгаа.Тийм учраас цаашдаа сайн багш хамгийн өндөр цалин авдаг тогтолцоо руу нэг алхам урагшилж байна. 

1-4 дүгээр түвшинд гүйцэтгэлийн үнэлгээ авсан багш нар дунджаар 2,673,000 төгрөгийн цалин авах боломж нээгдэж байна" гэж ярилаа. 

"Сүүлийн хоёр жилд багш нарын цалинг 40-65 хувь хүртэл өсгөсөн"

Мөн "Багш нар зургаан төрлийн нэмэгдэл авч байна гэж ойлгож болно. Энэ зургаан төрлийн нэмэгдлийг аваад 2,500,000 төгрөг авч байгаа юм. Өөрөөр хэлбэл багш нарын дундаж цалин 2.5 сая төгрөгт хүрсэн.

Иргэд мэдээлэл муутай байгаа учраас өнөөдрийг хүртэл багш нар хамгийн бага үнэлгээтэй, хамгийн доод хэмжээний цалинтай байна гэх шүүмжлэл байж болохгүй. 

Засгийн газраас сүүлийн хоёр жилд багш нарын цалинг 40-65 хувь хүртэл өсгөсөн. Цаашдаа дунд болон урт хугацаанд багшийн ажлын байр хамгийн өндөр үнэлэмжтэй, нийгмийн баталгаатай мэргэжил байх ёстой. Үүнтэй хэн ч маргахгүй болов уу.

Багшийн ажлын үнэлэмж, цалин урамшуулал, нийгмийн баталгаатай ямар нэгэн салбар барьцаж болохгүй. Яагаад гэвэл эмчийг багш, багшийг багш бэлтгэдэг. Инженер, санхүүчийг багш бэлтгэдэг.

Багш бэлтгэдэггүй мэргэжил, ажлын байр байхгүй учраас боловсролын салбарыг тэргүүлэх салбар гэж зарласан.

Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж, есдүгээр сарын 1-нд боловсролын салбарын хамгийн том шинэчлэл болох багшийн хөгжлийг дэмжих, багшийн тасралтгүй хөгжлийн тогтолцоог бий болгох, цалин хөлс, нийгмийн хамгааллыг шинэ шатанд хүргэх түүхэн шийдвэр гаргаж байгаа" хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ярилаа.