Нийслэлийн Хан-Уул дүүргийн 163, 161 дугаар сургууль өнгөрсөн жил хугацаандаа ашиглалтад ороогүйгээс 118 дугаар сургуульд нэг хэсэг нь хичээллэж, зарим сурагчид нь цахимаар хичээллэсэн.

Тэгвэл энэ хичээлийн жилд 161 дүгээр сургуулийн барилгын ажил дууссан хэдий ч бохирын асуудлаа шийдээгүйгээс хоёр дахь жилдээ цахимаар хичээллэх чиглэл авсан тухай эцэг эхчүүдийн төлөөлөл хэллээ.

Тэд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн боловч сурагчид сургуулийн байрандаа хичээллэж чадахгүй 1050 хүүхдийн эрх зөрчигдөж байна. Тус сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьсан бөгөөд Барилгын хөгжлийн төвөөс хяналт тавьж ажиллаж байгаа гэв. 

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга Б.Байгалмаа: Манай хорооны нутаг дэвсгэр өмнө нь ерөнхий боловсролын сургуульгүй байсан. Өнгөрсөн жил 163 болон 161 дүгээр сургуулийг шинээр барьж, ашиглалтад оруулсан. Гүйцэтгэгч компани болох "Жунсон констракшн" ХХК-ийн зүгээс бохирын шугамаа холбож чадахгүй, ажил нь удаашралтай байна. Бид тус компанийн гүйцэтгэх захирал, инженерийг дуудаж тайлбар авна. Талбайн инженер нь "Бохирын шугам холбох ажлаа хийж байгаа ч хэзээ дуусгахыг хэлж мэдэхгүй" гэдэг тайлбарыг өгсөн. Өнгөрсөн жил шинээр баригдсан 163 дугаар сургуулийн баруун жигүүрт 161 дүгээр сургуулийн сурагчид хичээллэсэн. Энэ жил есдүгээр сарын 1-нд 161 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн таван бүлэг нээлтээ хийсэн.