I төрөх эмнэлгийн ажилтан ажилдаа хайнга хандсаны улмаас дөнгөж төрсөн нярайг ширээн дээрээс унагаж паар мөргүүлсэн хэрэг энэ сарын 10- ны өдөр гарчээ.

Нярай паарыг магнай хэсгээрээ мөргөж унасныхаа дараа хэсэгтээ амьсгаа авч чадахгүй эмч нарыг нэлээд сандаргасан аж. Энэ талаар хүүхдийн аав, ээжид хожуу хэлсэн байна.

“Хүүхдийн чинь бие сайн байгаа. Хааяа иймэрхүү байдал гардаг юм. Ингэж унасан 10 гаруй хүүхэд бий. Бүгд эрүүл саруул байгаа. Ямар нэгэн асуудал гарвал бид хариуцна” хэмээн тус эмнэлгийн эмч нар хэлжээ. Эх сурвалжийн өгүүлж буйгаар нэгдүгээр төрөх эмнэлгийн төрөх өрөөний паарнаас тохой хүрэхгүй зайд шинээр төрсөн хүүхэд өлгийдөх ширээ байдаг аж.

Асрагч болон сувилагч нар дөнгөж төрөөд буй хүүхдүүдийг өлгийдөх гэж байгаад гараасаа алдаж, ширээ, паар хоёрын завсраар нэг бус удаа унагаж байсан гэнэ. Үүнээс болж нэг хүүхэд тархиндаа гэмтэл авч, улмаар үхжилт үүссэнээс 20 хонолгүй нас барсан хэрэг ч гарч байжээ. Эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Баясгалан “Эрхэлсэн ажилдаа хайнга хандсан эх баригч Цэцэгээд хариуцлага тооцсон” гэв.

Ийнхүү эрүүл мэндийн салбарынхны ажилдаа хайнга хандаж, үүргээ үл ухамсарладаг байдал улам л гаарах боллоо. Уг нь хүний алтан амийг хамгаалах ариун тангараг өргөсөн эмч, эмнэлгийн ажилтнууд хариуцлага алдах учиргүй сэн. Энэ салбарт ойр ойрхон өрнөж буй ноцтой хэргүүд тэдэнд нэг л сургамж болохгүй байх шиг ээ.

Б.Дэлгэр