Шинэчлэлийн Засгийн газар иргэдийн ажлыг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэх зорилгоор “Төрийн үйлчилгээний машин” буюу “ТҮЦ МАШИН”-аар дамжуулан  лавлагаа, тодорхойлолт олгох шийдвэр гаргасан билээ.


Тэгвэл нэгэнт гарсан төрийн шийдвэрийг үл ойшоож, эс биелүүлдэг аж ахуйн нэгжүүд Монголд байна. Тодруулбал "сахал" Эрдэнэбилэг гэгчийн дийлэнхи хувьцааг нь эзэмшиж, Б.Мэдрээгийн удирддаг Худалдаа, Хөгжлийн Банк “ТҮЦ МАШИН”-аар дамжуулан иргэдэд олгож байгаа лавлагаа, тодорхойлолтыг  хүчин төгөлдөр бус гэж үзэн, иргэдийг чирэгдүүлж буй тухай маш олон гомдол Засгийн газрын "11-11" мэдээллийн төв ,  УБЕГ-т  ирэх болжээ.


Эдгээр гомдлын дагуу УБЕГ Монгол банк, нэр бүхий арилжааны банкуудад хандан,  “ТҮЦ МАШИН”-аас олгогдож байгаа лавлагаа, тодорхойлолтыг үндэслэн иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй,  түргэн шуурхай хүргэхэд дэмжлэг үзүүлж, ажиллахыг хүссэн албан бичгийг нэг бус удаа хүргүүлсэн ч шийдэгдээгүй байна. Тэр бүү хэл Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газар ч уг асуудалд оролцож, албан  даалгавар хүргүүлсэн аж.
Харамсалтай нь Б.Мэдрээ тэргүүтэн уг асуудлыг шийдэлгүй өдий хүрсэн байна.
Сүүлийн үед Худалдаа, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээг жагсаалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдох буюу Санхүүгийн Зохицуулах Хорооны даргаар ажиллаж магадгүй тухай яриа гарах болсон.
Тэгвэл хувийн хэвшилд ажиллаж байхдаа ийн төрийн шийдвэрийг үл ойшоодог хүнийг төрийн хариуцлагатай албанд  томилж, ажиллуулж ер нь болох уу? гэсэн асуулт ч тавигдаж байна.

Э.Мягмардорж