Хүүхэд залуу үеийнхний эрүүл мэндийг хамгаалахын тулд сургуулийн орчинд тамхи болон электрон тамхи татахыг хориглохыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт улс орнуудад уриаллаа.

“Тамхи татдаг 10 хүн тутмын ес нь 18 насанд хүрэхээсээ өмнө тамхи татаж эхэлдэг тул тамхи үйлдвэрлэгчид залуу үеийнхнийг “хайр найргүй” онилж байна“ гэж тус байгууллагын хэвлэлийн мэдээнд дурджээ.

 

 

“Нэг удаагийн тамхи, электрон тамхи худалдаалах замаар залуучуудад эдгээр бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжийг олгож байна. Түүнчлэн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаарх анхааруулга дутмаг байна” гэж ДЭМБ сэрэмжлүүлсэн байна.

 

 

“Бид хүүхдүүдийг анги танхимдаа сууж байхад нь, гадаа тоглох үед нь, автобус хүлээж байх зуурт нь аминд халтай дам тамхидалт, электрон тамхины хөнөөл, тэдгээрийн зар сурталчилгаанаас хамгаалах ёстой” гэж ДЭМБ-ын Эрүүл мэндийг дэмжих асуудал эрхэлсэн захирал Рюдигер Крех мэдэгджээ.

 

 

ДЭМБ-ын шинээр гаргасан удирдамж бол сургуулийн орчныг никотин, тамхинаас ангид байлгахад зориулсан гарын авлага бөгөөд багш, ажилчид, сурагчид, эцэг эхчүүд болон бусад хүмүүсийг оролцуулан “сургуулийг бүхэлд нь хамарсан”  арга барилаар дээрх зорилгод хэрхэн хүрэх талаарх зааварчилгааг өгнө.

 

 

Сургуулийн орчинд никотин, тамхи хэрэглэхийг хориглохоос гадна залуу үеийнхэнд зориулан эрүүл орчныг бүрдүүлэх гурван арга зам байгааг дурдвал, сургуулийн ойролцоо никотин, тамхины бүтээгдэхүүн худалдаалахыг хориглох, сургуулийн ойр орчимд никотин, тамхины бүтээгдэхүүнийг шууд болон шууд бусаар сурталчлахыг хориглох, тамхи, никотины үйлдвэрлэлийг ивээн тэтгэхээс татгалзах явдал юм. Ташрамд дурдахад, Энэтхэг, Индонез, Ирланд, Киргиз, Марокко, Катар, Сири, Саудын Араб, Украин зэрэг улс орнууд дунд сургуулиудад тамхи, никотингүй орчныг бүрдүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгааг ДЭМБ онцолсон байна.

 

 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг