Энэ жилийн үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан М.Бадарч Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис хэрэглэсэн нь албан ёсоор нотлогдоод буй.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, М.Бадарчийн барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураан, үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан билээ. Улсын Арслан цолыг хураах шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албажуулна.

 

Үүнтэй зэрэгцэн М.Бадарчид өгсөн Үндэсний их Баяр наадмын түрүү бөхийн бай болон бусад байгууллага, хувь хүмүүсээс өгсөн шагнал, урамшууллыг яах бол гэсэн асуулт урган гарч буй юм.

 

Архангай аймгийн 100 жилийн ойн наадмын үеэр тус аймгийн нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ, Хангайн клуб, Батлан хамгаалахын сайд, Жаргалант сумын нутгийн зөвлөлийн дарга Г.Сайханбаяр, Бөхбилэгт дэвжээ болон Архангай нутгийн гаралтай аж ахуй нэгж, компаниуд хамтран М.Бадарчид  "Тоёота Ланд крузер-300"авто машин бэлэглэсэн бол түүний аав Мягмарын төрсөн нутаг Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас суурь  буюу 500 толгой хонь бэлэглэсэн.

Мөн “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-иас 10.000 доллароор шагнасан юм.

Энэ бүхнийг одоо яах вэ?

 

Хэрэв Мягмарын Бадарч Монгол бөхийн дэг ёс, жаяг, үндсэн тулгуур зарчмыг мэддэг бол, үгүй ядахнаа эр хүний жудаг байдаг бол бүх л бай, шагналаа буцаах нь зөв юм.

 

Учир нь Монгол бөхийн суурь зарчмын нэг нь үнэн хүчийг л үзэн, барилдах шүү дээ. Бөхийн алдар цол дуудах ёслол ч "үнэн хүчийг үзэн барилдъя гэв ээ" хэмээн төгсдөг. Тиймээс М.Бадарч допинг хэрэглэсэн гэдэг нь Монгол бөхийн суурь зарчмыг зөрчсөн гэсэн үг. Монгол бөхийн суурь зарчмыг зөрччихөөд бөхөө дээдэлдэг олон түмний хайраас үүдэлтэй бай, шагналыг авах нь өөрөө ёс зүйгүй үйлдэл болно. Иймээс ч М.Бадарч бүх бай, шагналаа буцаах ёстой! 

Түүнчлэн бүх шатны шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь нотлогдсон л бол иргэд-татвар төлөгчдийн мөнгөөр бүтдэг Монгол төрийн баяр наадмыг будлиулсан этгээд элдэв хэл ам хийж, мэдэн будлилгүй ард түмнээсээ уучлалт гуйдаг болох нь зөв буй за.

 

Г.Бичээчбаатар