Талийгаач хүү битүү гэмтлийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан гэж үзжээ
2023/09/29
Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлаж байсан 7 настай “С” хүүг иргэний мэдээллээр тус аймгийн төвийн Хэрлэн сумын 3 дугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон бөгөөд уг хэрэгт холбогдуулан 34 настай “Б” гэгчийг шалгаж байна. Уг хэрэгт сэжиглэж буй Б нь "Хүүг мотоциклоос унаад нас барчихаар нь хээр хаясан" гэж хэлжээ.
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр битүү доргилтын улмаас уушгины няцрал, бөөрний хальсны цус хуралт, чацархайн цус хуралт, гэмтлийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан гэж үзжээ.
Түүнийг яллагдагчаар татаж, хорих саналаа прокурорт өгсөн байна. Талийгаач хүү нь ээж болон хойд аавтайгаа амьдардаг байсан бөгөөд ээжийгээ хот явсан хойгуур хүү алга болжээ. Дорнод аймгийн цагдаагийн газраас хүүгийн хойд аав 34 настай эрэгтэйг саатуулаад байгаа билээ.