Дуучин А.Хосбаяр моринд хайртай түмнийхээ сэтгэлийг цэнгүүлэн баясгав
2023/09/29
МУСТА Дуучин А.Хосбаяр энэ сарын 27-ны үдэш Улаанбаатар Паласын концертын их танхимыг фэнүүдээрээ дүүргэж, тэднийхээ сэтгэлийг цэнгүүллээ. Түүний тоглолт эгэл даруухан бөгөөд бидний ярьдгаар амьд хоолойгоороо дуулсан нь үзэгч түмэндээ илүүтэй таалагдаж тэд дуучнаараа бахдам үзсэн юм.
Тоглолтын үеэр А.Хосбаярын Номин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ нар аавдаа гэнэтийн бэлэг барин ая дууны цацал өргөсөн нь үзэгч түмний зүрх сэтгэлийг огшоож уухайн түрлэгтэй алга ташилтын дор “Вансэмбэрүү” дуугаар дахиулав. Аав нь мэргэжлийн дуучин болохоор ч тэр үү удам дамжсан дууч охидтой болох нь ээ хэмээн үзэгчид хооронд шивэр авир хийгээд амжина лээ.
Бас нэгэн гайхалтай нь дуучин залуугийн гэргийн мөн л сайхан хоолойтой найранд гурван дуутай эгэлхэн бүсгүй гэдгээ ч харуулаад авав. Түүний ханийг П. Даваасүрэн гэдэг бөгөөд хосууд дөрвөн охидын аав, ээж өнөр өтгөн өрх гэрийг арван жилээсээ үерхсээр хэдийнээ үүсгэж тулхтай гэр бүл болжээ. Дуучин А.Хосбаяр тэнгэрт буй ижий, аавдаа сүслэн мөргөөд өмөг түшиг болж яваа ханийхаа ижийд хүндэтгэл үзүүлэн сэтгэлийн үгээ гарын бэлгийн хамт гардуулсан юм. Түүний хадам ээж Монгол улсын аварга малчин, Алтан гадас одонт Б.Үдэлсүрэн гэх буурай аньсага чийгтэн дуучин хүүгээ үнэрлэн бахдан хүлээн авч үзэгч олонтой мэндчилсэн. Сайхан ижийгээ баярлуулна гэдэг энэ л байхдаа хэмээн бодон сууснаа нуух юун.
Аливаа их эрдэмт багшийн хөтөлгөөгүй амжилтад хүрсэн нэг ч хүн үгүй. Тэгвэл А.Хосбаярыг урлагт залан өдийг хүртэл зөвлөн яваа багш нь Ардын жүжигчин, дуурийн дуучин А.Дашпэлжээ юм. Тэрбээр шавийнхаа Төрийн их баяр наадамдаа хоёр түрүүлж, хоёр айрагдсан Монгол Улсын манлай уяач Б.Нямжавын Богд хээр азарганы нэрээр нэрлэгдсэн "Богд хээрийн дуулал" тоглолтод хүрэлцэн ирж тухлан суун үзээд шавьдаа халуун баярыг хүргэж, хүндэтгэл үзүүлэв. Басхүү хуран цугласан үзэгч түмэнд "шавийг минь дууг сонсож таашаал авахаар хүрэлцэн ирсэн та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Энэ сайхан тоглолтоор уулзах сайхан завшааныг олгосон Монгол группийн хамт олон, ивээн тэтгэж хамтран ажилласан бүх хүмүүстээ мөнхүү гүн талархлыг дэвшүүлье. Өдий зэргийн эрийн цээнд хүрч том тоглолтоо хийж байгаа шавьдаа уран бүтээлийн их амжилтыг хүсэн ерөөе" хэмээн сэтгэлийн үгээ хуваалцсан юм.
"Богд хээрийн дуулал" тоглолтыг ивээн тэтгэсэн Монгол группийн захирал, Монгол улсын манлай уяач, Дүнжингарав бөхийн дэвжээний тэргүүн Баасансүрэнгийн Нямжавыг тайзнаа хүндэтгэн урьж дуучин А.Хосбаяр сэтгэлийн бэлгээ гардууллаа. Тэрбээр намайг оюутан ахуйгаас минь өргөж дэмжин яваа сайхан ахдаа "Богд хээрийн дуулал" шинэхэн дууныхаа үгийг монгол бичгээр багын найзаараа урлуулан бүтээлгэсэн бүтээлээрээ бэлэг барив.
Баасансүрэнгийн Нямжав бэлгийг мэхийн ёсолж хүлээн аваад "Дүүгийн минь тоглолтод хүрэлцэн ирсэн түмэн олондоо энэ оройн мэндийг хүргэе. Өнөөдөр өөрийн бие даасан гурав дахь тоглолтоо хийж байгаа А.Хосбаяр дүүдээ урлагийн их амжилтыг хүсье. Ардын хувьсгалын 100 жилийн түүхэнд хурднаараа мөнхөрч үлдсэн азаргыг минь дуунд мөнхөлж өгч буй дүүдээ, яруу найрагч СГЗ Ш.Гүрбазар болон Пүрэвсүрэн найздаа маш их баярлаж байгаагаа энэ дашрамд илэрхийлье.
Богд хээр азаргыг түрүүлэх болгонд миний нэр, нутгийн минь нэртэй байнга хамт дурдагдаж явдаг. Нутгийнхаа шүтээнээр Богд хээр азаргаа нэрлэсэн нь их оножээ, үүгээрээ маш их бахархдаг. Ш.Гүрбазар ах маань Богд хээрийн дуулал шүлэгт нутгийн шүтээн уулыг, Туул голтой нь нүдэнд харагдтал сайхан шингээж бичиж өгсөнд маш их баярлалаа. Дуучин дүү минь түмний сэтгэлд хүртэл сайхан дуулж өгсөнд маш их баярлаж байна. Та бүхэн үдшийг сайхан өнгөрүүлээрэй, бүгдэд нь аз жаргалыг хүсье" хэмээн сэтгэлийн үгээ хэлсэн юм.
Дуучин А.Хосбаяр, "Энэ үдэш үнэхээр их баярлаж, догдолж байна. Аливаа уран бүтээлд бие даасан тоглолтод хийнэ гэдэг маш том ажил байдаг. Олон жил хийж бүтээсэн уран бүтээлээ түмэндээ тайлагнаж байгаа хариуцлагатай ажиллаж байна.Тоглолт маань халуун дулаан уур амьсгалтай сайхан болж байна. Энэ удаагийн тоглолтын онцлог нь Хөсөгтөн хамтлаг, Ятгийн чуулга гээд олон сайхан уран бүтээлчид оролцож байгаа юм. Богд хээрийн дуулал тоглолтод 18 дуу маань эгшиглэнэ. Амь барина гэдгийг халж бүх дуугаа амьдаар дуулж үзэгч түмэнтэйгээ нэгэн оройг өнгөрүүлж байгаад туйлын бахдалтай байна. Би одоогоос 22 жилийн өмнө урлагийн тогоонд орж ирж байлаа. Анх төв аймгийн Монгол туургатан театрт дагдалдан дуучнаар ороод ажлын гараагаа эхлүүлж байсан юм" хэмээн тоглолтын үеэрх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм.
Моринд хайртай, дуунд дуртай түмэн олон цуглаж баярын нижгэр алга ташилтаар дүүрэн сайхан тоглолт болж өндөрлөлөө.