Өнгөрсөн сард Apple компанийн зах зээлд танилцуулсан iPhone 15 загварын ухаалаг гар утасны Pro, Pro Max хувилбарууд заримдаа Цельсийн 43 хэм хүртэл халж байгаа талаар худалдан авагчид нь гомдоллох болсон юм.

Тэгвэл Apple компани энэ халалтын шалтгааныг олж тогтоосон бөгөөд удахгүй iOS 17 үйлдлийн системийн шинэчлэлтээр засварлах болсноо өчигдөр мэдэгджээ.

“iPhone-ийг хэт халахад нөлөөлж буй цөөн шалтгааныг бид олж тогтоолоо” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Үүнд үйлдлийн системийн алдаа болон зарим аппликэйшний үүсгэсэн хэт ачаалал нөлөөлж буйг тайлбарлажээ.

Мөн шинэ iPhone эхэн үедээ хэвийн хэмжээнээс илүү халж болзошгүйг Apple анхааруулсан байна.

“Төхөөрөмжийг асааж, системийг нь идэвхжүүлснээс хойш эхний цөөн хэдэн өдөр олон программ зэрэг ажилласны (background activity) улмаас хэвийн хэмжээнээс илүү халах магадлалтай” гэж мэдэгдэлдээ тайлбарлажээ.

Шинэ iPhone-ий халалтад нөлөөлөх хэмжээний ачаалал үүсгэж буй аппликэйшнүүд үйл ажиллагаагаа засаж сайжруулах арга хэмжээ авч эхэлсэн байна.

Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Instargam компани аппликэйшнээ өөрчилж сайжруулсныг зарласан юм. Uber, Asphalt 9 зэрэг халалтад нөлөөлж буй бусад аппликэйшнүүдийг засварлан шинэчлэх ажил эхэлснийг Apple мэдээлсэн байна.

Зарим мэргэжилтнүүд шинэ iPhone-ий үнэтэй хувилбаруудын халалтад тэдгээрт анх удаа нэвтрүүлсэн Титан эх бие нөлөөлж байж болзошгүй гэж таамаглаж байгаа.

Apple компани шинэ загвартаа анх удаа сансрын хөлгийн технологид ашигладаг Титан металлыг ашигласан юм. Энэ материал нь өмнөх загваруудад ашигладаг байсан сайжруулсан гангаас дулаан тусгаарлах чадвар муу байж болзошгүй гэсэн яриа мэргэжилтнүүдийн дунд гарсан байна.

Харин Apple компани өчигдрийн мэдэгдэлдээ шинэ iPhone-ий халалт нь титан материалаар бүтээсэн гадаргуутай холбоогүй гэжээ.

Бас анх удаа нэвтрүүлсэн USB-C цэнэглэгч порт халалттай холбоогүйг тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Apple