Франц улсын шоронд хоригдож буй иргэн Г.Ган-Очир "Монгол Ньюс" мэдээллийн төвд өнөөдөр цахимаар мэдээлэл өглөө. 

Франц улсын шоронд хоригдоод тэрбээр 10 сар болж байгаа бөгөөд Францын хуулийн байгууллага хэт нэг талыг барьж, хорьж байгааг хэлсэн юм. 

Иргэн Г.Ган-Очир Франц улсын шоронгоос утсаар холбогдож дараах мэдээллийг өгөв.



Тэрбээр "Есдүгээр сарын 6-нд би хэвлэлийн хурал хийж байсан. Түүнээс хойш сураггүй болоод гэрийнхнийгээ нэлээд сандаргалаа. Энэ асуудлын талаар мэдээлэл өгье. Мөн нүүрсний хэргийн нотлох баримтуудыг Францын шүүх, хуулийн байгууллагуудад одоо хүртэл гардуулж өгөхгүй, устгаж байгаа талаар мэдээлнэ.

Есдүгээр сарын 7-нд Францын Лион хотын шүүхээс намайг дуудаж, есдүгээр сарын 14-нийг хүртэл долоо хоногоор сунгаж хорихоор болсон.

Яагаад ингэж хорих болсон шалтгааныг ерөнхий прокурор болон шүүгч тайлбарлахдаа “Францад танд гэр орон, ах дүү хамаатан садан байхгүй. Мөн тодорхой хаяггүй, бичиг баримтгүй учраас таныг дараагийн шүүх хурлуудад дуудвал ирэхгүй байх магадлалтай тул цаашаа хорьж байгаа” гээд гарын үсэг зуруулсан байдаг.

Намайг шоронд хоригдсоноос долоо хоногийн дараа "Иргэн Г.Ган-Очирыг Монгол Улс хүлээж авмаар байна, яаралтай шилжүүлж өгнө үү" гэх хүсэлтийг Монголын талаас Франц улсад тавьсан байдаг. 2022 оны есдүгээр сараас буюу намайг орж ирсний маргаашаас нь Францын Засгийн газарт хүсэлт тавьсан юм билээ.

Энэ оны есдүгээр сарын 14-ний шүүх хурал Францын Лион хотод болсон. Шүүх хуралд намайг ямар ч өмгөөлөгчтэй уулзуулаагүй, миний шүүх хурал 20 минут үргэлжилсэн.

Энэ үеэр Франц улсын прокурор, өмгөөлөгч гэсэн хоёр хүн үг хэлсэн. Надаар нэг ч үг хэлүүлээгүй, нотлох баримт аваагүй.

Тэгээд Францын прокурор “Г.Ган-Очир гэдэг хүнийг Монгол Улсад нь хүлээлгэж өгье. Монгол Улс аюулгүй, төр нь авлига, хээл хахуульгүй” гэдгийг хэлсэн. Тэр Францын прокурорт ямар ч улс төрийн мэдлэг, олон улсын мэдлэг байхгүй. Ийм хүн олон улсын хэргийг шүүж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй байна" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Өнгөрсөн жил НҮБ-ын Дур зоргоор баривчилгааны тусгай хоёр элч, төлөөлөгч очиж, манай улсад ажиллаад “Монгол Улс иргэдийнхээ 80 хувийг хилс хэргээр шоронд хийж байгаа нь хүний эрхийг зөрчиж буй үйлдэл” гэж бүртгэж, олон улсад зарласан.

Түүнчлэн олон жилийн өмнө Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах мэдэгдлийг Европын Холбооноос гаргасан байдаг.

Гэтэл энэ бүхний талаар ямар ч мэдэгдэхүүнгүй прокурор шүүх хуралд орж ирсэн. Иймээс ч Франц улс бол авлига, хээл хахуультай холбогдолтой юм байна. Дээрээс нь Х.Нямбаатар гэдэг хүнээс, Монголын Засгийн газраас авлига авч намайг бүтэн 10 сар хорьчихлоо.

Одоо аравдугаар сарын 13-нд дахин шүүх хурал зарласан байгаа. Энэ шүүх хурлаар тодорхой шийд гарч, Монгол руу орох юм шиг байгаа юм.  Ингэж тодорхой бусаар хүнийг хорьж байна.

Франц улс манай нүүрсний их мөнгөнөөс авлига авч, хууль бусаар хорьж байна. Олон улсын хүний эрхийн байгууллага, "Инвест Интернэшнл", НҮБ, Европын хүний эрхийн байгууллагууд хүртэл "Энэ хүнийг суллаач, хорих нь буруу" гэдгийг хэлээд байгаа.

Гэвч Францын хуулийн байгууллага хэт нэг талыг барьж байгаа нь байж болохгүй асуудал.

Нүүрсчдийн гэрээ, хар машины факт, нотлох баримтуудыг Франц улсын шүүх, хуулийн байгууллагаас 10 сар шаардлаа. Би шоронд ороод 10 сар болчихлоо" гэлээ.