Одоогоор нисдэг тэрэг явуулах шаардлагагүй гэсэн ч бид бэлэн байдалд байгаа гэв
2023/10/04
Сайншандаас алга болсон 12 настай охиныг улс даяар эрэн хайж байгаа билээ. Эрлийн ажиллагааг хүч нэмэгдүүлэн үргэлжлүүлж байгаа бөгөөд охиныг одоогийн байдлаар олоогүй юм. Харин охиныг авч явсан гэх хоёр этгээдийг олж, илрүүлээд байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлсэн.
Тэгвэл охиныг эрэн хайхад Онцгой байдлын ерөнхий газраас нисдэг тэрэг явуулах боломжтой эсэх талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаа тодруулахад, “Охины алга болсон аймаг, орон нутгаас нь албан ёсоор хүсэлт тавиад, “Эрлийн ажиллагаанд дэмжлэг үзүүлээч” гэвэл бид дэмжлэг үзүүлж, нисдэг тэргээр аврагчдыг явуулах боломжтой.
Гэхдээ энэ асуудлыг хоёр цагийн өмнө ярьсан. Цагдаагийн байгууллагынхан болон аймгийн Онцгой байдал нь “Одоогоор нисдэг тэрэг явуулах шаардлагагүй. Эзэн холбогдогч буюу сэжигтнийг илрүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэсэн. Тийм учраас одоогоор хүлээлтийн байдалтай байна. Шаардлагатай гэвэл бид маргааш өглөө нисдэг тэрэг гаргаж, аврагчдаа хүч нэмэгдүүлэн явуулахад бэлэн. Гол нь тухайн аймгаас эрлийн ажиллагааг явуулах маршрутыг явуулбал бид нислэг үйлдэх боломжтой” гэлээ.