Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) болон Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) хамтран цаг үеийн болон хүүхдийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг "Мөрдөн шалгах ажиллагаа, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Дорноговь аймагт камер суурилуулсан ч хангалтгүй хэмжээнд байгаа. Гадаад орнуудад хоёр жил тутам камерыг сольж, шинэчилж байдаг. Улаанбаатар хотын төв хэсгээр 300 гаруй камер байгаа. Энэ бүсэд гарсан гэмт хэрэг 70 орчим хувийн илрүүлэлттэй байдаг. Хүүхэд алга болсон хэргийг камераар шүүж илрүүлдэг. Гэр бүлийн хүрээнд гарсан зөрчлийг бүртгэж, сан бий болгоод нэг жил болж байна. Хороо дүүргийн мэргэжилтнүүдтэй байнга хамтран ажилладаг. Мөн эцэг эхийн хараа хяналт чухал байгааг онцлон хэлмээр байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн этгээдийг ил тод мэдээлж, вэб сайтад байршуулдаг болно. Цаашид гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тэр дундаа бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийг олон улсын сайтад байршуулдаг болох талаар ярьж байна.

Тээврийн цагдаагийн алба цагдаагийн байгууллагын нэг нэгж учраас бүрэн чадлаараа дайчлагдан ажиллаж байгаа. Насанд хүрээгүй хүүхэд алга болсон тохиолдолд шууд эрэн хайх ажиллагааг эхлүүлдэг" гэдэг мэдээллийг өглөө.