Дорноговь аймгийн Сайншанд сумаас алга болсон 12 настай охиныг эрэн сурвалжлах ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, хурандаа Э.Товуудоржоор ахлуулсан бүрэлдэхүүн болон Өмнөговь, Дорноговь аймгийн онцгой комисс ажиллаж байгаа юм.

Мөн өчигдөр өглөө ОБЕГ-ын нисдэг тэргээр хайж эхэллээ. Хүүхэд хамгааллын асуудалтай холбоотойгоор холбогдох байгууллагууд мэдээлэл өгөв.

ХНХЯ-ын сайд Х.Булгантуяа "Манай улс 1.2 сая орчим мянган хүүхэдтэй. Ганцхан хүүхэд хамгааллын байгууллагаас гадна Боловсролын яам, цагдаа, иргэд олон нийт бүгд хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгааг сүүлийн үед болж буй гэмт хэрэг, ослууд харуулж байна. Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг нь тогтоогдвол зураг, нэртэй нь олон нийтэд зарладаг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол нууцлагдмал байдалтай, шийтгүүлж гарч ирээд буцаад хэрэг үйлдээд байдаг. Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн мэдээллийг холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж олон нийтэд зарлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Шилжих хөдөлгөөний дунд хүүхдүүд бүртгэлгүй хохирч үлдэх магадлал маш өндөр байдаг. Хэдэн жилийн өмнө хойд эцгийнхээ гарт нас барсан охины асуудлыг сургуулийн багш нь мэдээд нийгмийн ажилтанд нь хэлсэн ч гэр нь нүүгээд өөр сургуульд очоод бүртгүүлчихсэн байх жишээтэй. Иймд хүүхэд болгоныг цахим хувийн хэрэгтэй болгоё. Хүүхдийн эцэг эх нь хүүхдийн эсрэг ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхэд тухайн хүүхдийн цахим хувийн хэрэг дээр мэдээлэл үүсэж байдаг байх хэрэгтэй байна. Хүүхэд болгон өөрийн гэсэн цахим бүртгэлтэй болчихвол хаяг, сургуулийн өөрчлөлт, хөдөө орон нутаг руу хүртэл явахад хүүхдийн бүртгэл мэдээлэл явж байх боломжтой” гэлээ.

Мөн суманд малын асуудал хариуцсан таван хүн байдаг мөртлөө хүүхдийн мэргэжилтэн дутмаг байгаа нь үнэн. Иймд суманд асуудал үүслээ гэхэд аймгийн төвөөс мэргэжилтэн очих гэсээр байтал асуудал хүндэрчихдэг. Хүүхэд хамгааллын тухай хуулийг ХНХЯ-наас шинэчлэн боловсруулаад өргөн барихад бэлдсэн байгаа. Уг хуулийн үр дүнд  хүн бүр хүүхэд хамгаалагч болооч ээ гэх уриалгыг дэвшүүлж энэ намар өргөн барихаар төлөвлөж байсан юм. ХНХЯ-ны харьяа гэр бүл хүүхэд хөгжлийн агентлагийн төсөв болох найман тэрбум төгрөгийг бүх хүүхдийн тоонд хувааж тооцоход нэг хүүхдэд 5.000 төгрөгийн төсөв оногддог. Иймд уг төсвийг 14 тэрбум болгохоор УИХ-д өргөн бариад байна гэв.

Энэ үеэр хурандаа Г.Арсланхуяг “Дорноговь аймгийн Сайншанд сумаас алга болсон хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Дорноговь аймагт камер хангалтгүй байсан. Хяналтын камер хангалтгүй байгаа нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд тодорхой хэмжээний хүндрэл учруулж байна. Тухайлбал, Сүхбаатарын талбайгаас Баруун дөрвөн зам хүртэл 300 гаруй камер бий. Энэ бол орон зайн алдагдалгүй ногоон бүс. Камерын иж бүрэн хяналттай, үүнийг цагдаа нар шалгаж, хянадаг. Чингэлтэй дүүрэгт л гэхэд камержуулалтын үр дүнд гэмт хэргийг илрүүлэх ажил 70 орчим хувьтай гарсан. Гэмт хэрэг 80 орчим хувиар буурсан. Гадаадын улс орнуудад гэр бүлийн хүчирхийллийн асуудалд нотлох баримтыг бүрдүүлэх, болсон үйлдлийг бэхжүүлэх зорилгоор сан үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, эрхээ хасуулаад дахиад баривчлагдах тохиолдолд бүртгэдэгтэй адилхан санг бүрдүүлж байна. Үүнтэй адилаар гэр бүлийн хүрээнд гарсан зөрчлийг бүртгэх ажлыг эхлүүлээд жил орчим хугацаа өнгөрч байна. Энэ ажлыг цаашдаа улам сайжруулна.

Өнөөдрийн хуралдаанаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хүчирхийлэл үйлдсэн, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод мэдээлдэг байх, олон улсын туршлагаар вэб сайтад байршуулдаг болгох асуудлыг ярилцлаа.

Энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулах байх гэж үзэж байна" хэмээв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин