Анх 2002 онд манай улсаас хэдхэн вагон төмрийн хүдэр экспортолж байсан бол 2013 он гэхэд 6.7 сая тонн болтлоо өсөн, Монголын экспортын 12%-ийг эзлэх салбар болтлоо өргөжин хөгжлөө.

Хэдийгээр өнөөдөр төмрийн хүдрийн баяжмалын гадаад зах зээл уналттай байгаа боловч манай төмөрлөг үйлдвэрлэгчид төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан, гадаад худалдан авагчидтайгаа хамтран ажиллаж чадвал энэ салбар улс орныхоо эдийн засгийн хөгжилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулах боломжтой юм.
 
Эдийн засгийн хөгжлийн сайд Н. Батбаяр нь хөгжил дэвшлийнхээ гарааны шатанд байгаа төмөрлөгийн салбарыг дэмжиж, төмрийн хүдрийн баяжмалыг “нэг цонх”-оор экспортлох, төмрийн хүдрийг баяжуулах үйлдвэрүүд байгуулах чиглэлээр бодитой тусалж байгаа билээ. Цаашдаа төмрийн хүдрийн баяжмалын экспортыг өсгөн, улсынхаа валютын орлогыг нэмэгдүүлэх, хар төмөрлөгийн үйлдвэр байгуулж гантөмрийн дотоодын хэрэгцээгээ хангадаг болоход ийм дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа юм.
 
Иймд хувийн эвшлийн ажлыг сайн ойлгодог, бодитой дэмжин тусалж чаддаг Н.Батбаяр сайдаар ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэх нь зүйтэй хэмээн манай салбарын хамт олон үзэж байна.
 
Манай улсын эдийн засгийн өсөлт гурав дахь жилдээ дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж байгаа билээ. Улс орны эдийн засаг тэлж, хүн амын өсөлт түргэсэхийн хэрээр бүтээн байгуулах хэрэгцээ, хөгжлийн зорилт, цаашид хүрэх зураглал улам бүр боловсронгуй болж, өргөн цар хүрээг хамрах шаардлага тулгарч байна. Энэхүү хариуцлагатай цаг үед ажлын дадал туршлага эзэмшсэн нэгнээ өөрчлөн, уг албан тушаалд огт шинэ хүн тавих нь улс орны эрх ашигт ч сөргөөр нөлөөлөх талтайг харгалзан үзэх нь зүйтэй болов уу.
 
Монголын Төмөрлөг Үйлдвэрлэгчдийн Холбоо
2014.06.05