Амила цэцэрлэгт хоёр настай хүүхэд хазуулсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл охины аав хэвлэлд хандаж, өөрийн байр сууриа илэрхийллээ.

Охины аав н.Баярцогт: Баасан гаригт үйл явдал болсон. Хүүхдээ авах гээд очиход гар нь нэлээдгүй олон удаа хазуулчихсан байсан. Тэгээд тэр дор нь камерын бичлэг үзсэн. Бичлэгийг хараад үнэхээр их цочирдсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж, шүүх эмнэлэг рүү явсан.  Хуулийн байгууллага нь шалгаад үүгээр шийдэгдэх байх гэж найдсан юм. Гэтэл үүн дээр ямар ч хуулийн зохицуулалт байдаггүй юм байна. Нийгэмд байнга тохиолддог хэрэг гээд цагдаа нар тоогоогүй. Хуулийн дагуу бага насны хүүхэд болохоор хэрэг хаагддаг гэж хэлсэн.

Миний хамгийн ихээр гомдолтой байгаа асуудал нь  тэр олон минут хүүхэд хазуулж, уйлж байхад багш нар ороод ирж болно оо доо. Гэтэл үйл ажиллагаа явуулаад 20 жил болж байгаа Амила цэцэрлэг маш хариуцлагагүй байдал гаргалаа. Миний хүүхэд хазуулж, тамлуулсан байхад хэвийн үзэгдэл мэт хүлээж авч байгаад маш их бухимдалтай байна. 

Шүүх шинжилгээний дүгнэлт гэмтлийн зэрэггүй буюу хөнгөн гэж гарсан. Хүүхэд маань сэтгэлзүйн асуудалтай болохыг үгүйсгэхгүй нөхцөлд байна. Байнга шөнө "минийх, минийх" гэж уйлж, сэрээд байгаа. Тоглоомын төвд аваачиж ажиглахад бусад хүүхдээс айгаад хамт тоглохгүй байгаа. Энэ чинь  гэр бүлд маш том шок болчихоод байна. Түмний олны хүүхдийг төлбөрийн авч ажиллаж байж яагаад ийм асуудал гарав?

Энэ бол хэвийн үзэгдэл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийгэмд байдаг энгийн үзэгдэл шиг хандаж байгаад харамсаж байна. Боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцалж яагаад болдоггүй юм бэ? Бид нар хүний муу үзэх гээд байгаа зүйл огт алга. Манайх нэг жил төлбөргүй явуулъя гэж хэлээгүй ээ. Багш, эрхлэгч хоёр бол бид нартай холбогдож уучлалт гуйсан. Харин захирал бол хөдөө ажилтай явж байна гээд уулзаагүй. Дараагийн шатны ямар арга хэмжээ авахыг нь хүлээж байтал бид нарын өөдөөс "Багш нарын баяр гээд завгүй байлаа. Бид нар танай хүүхдийг хоёр сарын хугацаанд төлбөргүй явуулъя" гэсэн хариуг өгсөн. Энэ бол маш буруу өнцгөөсөө харсан шийдвэр байсанд бичлэгээ цацах болсон.  Би шүгэл үлээнэ гээд ил гараад ирлээ.

Гэтэл цаашид манай хүүхдийг авах цэцэрлэг олдох  болов уу? Бидний үед ийм зүйл гардаг байсан гээд алдааг засахгүй өнгөрөөж болохгүй. Нөгөө талд нь хүүхэд насан туршдаа сэтгэлзүйн травматай болж үлдэж байна. Багш нарын хариуцлага, Боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулдаг газрууддаа хариуцлага тооцдог байх хэрэгтэй. 

Харин Амила цэцэрлэгийн зүгээс, "Есдүгээр сарын 29-ний Баасан гаригт гарсан. Охины гэр бүлийнхэн гомдолтой байгаагаа хэлж, цагдаагийн байгууллагад хандаж, шүүх шинжилгээний эмнэлэгт хандсан. Гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан. Тухайн үйл явдал болох үеэр сарын сүүл байсан учир цэцэрлэгийн бүх багш ажилчид унтлагын цагаар их цэвэрлэгээнд түр гарсан байсан. Хүүхдүүд нэгнээ хазсан процесс хэдхэн секунд болсон. Охины ар гэрийн зүгээс хүүхдээ нэг жил цэцэрлэгт үнэгүй явуулах хүсэлтээ байгаагаа хэлээд тохиролцож чадаагүй учир бичлэгийг олон нийтэд цацаж, манай цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг хаана гэж байгаа.

Манай цэцэрлэг олон салбартай бөгөөд бүх багш, туслах багш нар маань багшлах зэрэгтэй" хэмээсэн юм.