УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн нээлттэй байдал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр мэдээлэл хийх үеэрээ НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх талаар саналыг МҮХАҮТ-ын өмнөх удирдлагууд болон CEO клубээс ирүүлсэн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох МҮХАҮТ-аас ирүүлсэн саналын тооцооллыг Сангийн яамаар хийлгүүлж, мэтгэлцээн зохион байгуулна" гэлээ.

Мөн  2024 оны улсын төсвийн бүх мэдээлэл D.Parliament.mn--д байршсан тухай танилцуулав.

Ингэснээр иргэд төсвийн төсөлтэй сайтар танилцах, санал өгөх, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой болж байгааг тэрбээр онцолж байлаа. Уг платформ нээгдсэнээс хойш нэг жил хагасын хугацаанд байнгын 9,000 гаруй хэрэглэгчтэй болжээ.

Ирэх оны улсын төсвийн төсөлтэй танилцахын тулд D.Parliament.mn-ийн "Өргөн мэдүүлсэн төслүүд" хэсэгт очно. Энд буй "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай" хэсэгт дарснаар ирэх оны төсөв хэрхэн боловсруулагдсантай танилцах боломжтой юм.

зураг

Тэрбээр  "Хэн хэдэн төгрөгийг оруулж, хэдэн төгрөг зарцуулах вэ гэдэг нь нэгдсэн дүнгээрээ төсвийн ерөнхийлөн захирагч нараараа D.Parliament.mn-д байршсан байгаа. Эднээс бүх тоог харах боломжтой. Хавсралтад орлогын болон зарлагын задаргаа бий. Эндээс нэгдсэн дүнгүүд юу юунд зарцуулагдахыг харна. 

Мөн макро эдийн засгийн тооцооллын хавсралт бий. Бүгд нээлттэй ил тод байгаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд үзэл баримтлал зэргийг оруулсан. Энэ бол төсвийг ард иргэдээрээ шүүн хэлэлцэх цахим платформыг эхлүүлж байна гэсэн үг" гэсэн юм.