Л.Энх-Амгалан: ЕБС-ийн үдийн хоолонд эцэг эх, асран хамгаалагчдаас мөнгө авахгүй
2023/10/17
БШУЯ-наас их, дээд сургуулийн урьдчилсан эрэмбэ, чансааг өнөөдөр зарлалаа. Мэдээллийн дараа Боловсролын сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-38,000 инженер техникийн ажилтан бэлтгэх шаардлагатай гэж хэллээ. Тухайлбал ШУТИС-ийг эдгээр инженер, техникийн ажилтныг бэлтгэхэд сургалт, эрдэм шинжилгээ зэрэг юун дээр нь анхаарах ёстой вэ?
-Засгийн газраас тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг зарласан. Эдгээр мэргэжлийг сонгож байгаа хүүхдүүдэд төрийн сангаас зээл, тэтгэлгүүд олгох юм. Эрэмбэд сургалтын чанараараа 60-аас дээш хувьтай сургуулийн оюутнуудад сургалтын зээл авах боломж түлхүү нээгдэж байна.
ШУТ-ийн сангийн санхүүжилтэд өөрчлөлт хийж, их, дээд сургуулиудын эрдэмтэд, академи, ЭШХ-ийн эрдэмтдийн хамтарсан судалгааг санхүүжүүлэхээр болсон.
Их, дээд сургууль оюутны тоо, төлбөрөөр өрсөлддөг байж болохгүй. Их сургуулийн хийсэн судалгаа нь үйлдвэрлэлд нэвтэрдэг дэлхий нийтийн хандлага байгаа учир энэ чиглэл рүү явна.
Заавал дөрвөн жил дээд сургуульд суралцаад дипломтой ажилгүйдлийн арми руу шилжих үү эсвэл гурван жил МСҮТ-д сураад өндөр цалинтай ажил хийх үү гэдэг нь нээлттэй болсон.
-2025 оноос дээд сургууль гэж байхгүй болно гэж байна. Тэгэхээр дээд сургуулиудыг яах вэ?
-Төрийнх нь их сургууль, хувийнх нь коллеж болно гэж ойлгож болохгүй. Дээд боловсролын хуульд тусгасан шалгуурыг давж чадаж байгаа нь их сургууль, давж чадахгүй нь коллеж байх юм.
Монгол Улсад их сургуулийн статустай 20 сургууль байх хэрэгтэй. Их сургуульд элсэх гэж байгаа хүүхдийн ЭЕШ-ын оноо өндөр байна.
-Жагсаалтын сүүлд эрэмбэлэгдсэн сургуулиудад ямар арга хэмжээ авах вэ?
-Жагсаалтын хамгийн сүүлд МҮИС, Хятад-Монголын хамтарсан олон улсын дээд сургууль, Чингис хаан дээд сургууль эрэмбэлэгдсэн. Цаашид их сургууль байх ямар ч боломжгүй. Эдгээр сургуулиудад үйл ажиллагааг сайжруулах хугацаатай үүрэг өгнө. Ангиллыг эргэж харахаас өөр аргагүй болж байна.
МУБИС-ийн чадавхыг дээшлүүлэх санхүүжилтийг төсөвт тусгаж байгаа.
-Хувийн ерөнхий боловсролын сургуулиудыг хэзээ эрэмбэлэх вэ?
-Хувийн ЕБ-ын сургуулиудын хөтөлбөрт магадлан итгэмжлэх шалгалт оруулна. Кембрижийн хөтөлбөртэй гэсэн мөртөө цаанаа хөтөлбөргүй сургуулиуд бий. Сургалтын төлбөрөө ямар ч үндэслэлгүйгээр тэнгэрт тултал нэмдэг хувийн ЕБС-уудад дараагийн арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж байна. Үүнд 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй хувийн сургуулиуд хамаарч байгаа. Үр дүнг удахгүй зарлана.
ЕБС-ийн "Үдийн хоол" хөтөлбөр хуульчлагдсан учир эцэг эх, асран хамгаалагчдаас мөнгө авахгүй. Харин цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны зардлыг хуваах судалгаа хийж байгаа, эцсийн буюу Засгийн газрын шийдвэр гараагүй.
Багш юм · 2023/10/17
Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжил хүүхэд нь сонгосон15 жил ажилласан багш ажилтны хүүхдийн сургалтын төлбөр даана гэсэн. Хэзээ хэрэгжих вэ