Монголын хамгийн том кино наадам болох “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) аравдугаар сарын 16-22-нд нийслэл хотноо болж байгаа юм. Энэхүү наадмын хүрээнд нийт 20 орчим улсын 22 кино олны хүртээл болно.

15 дахь жилдээ зохиогдож буй уг наадмын албан ёсны нээлт аравдугаар сарын 16-ны өдөр боллоо. Мөн уг өдөр Монгол кино үзвэрийн шилдгийн шилдгийг шалгаруулах “Хангарьд” шагнал гардуулах ёслол болов. Энэ үеэр кино наадмын нээлтийн кино үзвэр болох “Сэр Сэр Салхи” УСК-г үзэгчдэдээ хүргэв.

Улаанбаатар олон улсын кино наадмын “Хангарьд” шагналын эздээр:

  • Шилдэг найруулагчаар “Баавгай болохсон” УСК / П. Золжаргал
  • Шилдэг зохиолоор “Шар гэгээ” УСК Ш.Гүрбазар, Б.Батдэлгэр
  • Шилдэг эрэгтэй гол дүрийг “Намаг” УСК Ш.Доржсүрэн
  • Шилдэг эмэгтэй гол дүрийг “Хүний ээж” УСК А.Ганчимэг
  • Шилдэг эмэгтэй туслах дүрийг “Шар гэгээ” УСК Л.Жижжалам
  • Шилдэг зураглаачаар “Баавгай болохсон” УСК Д.Давааням
  • Шилдэг зураачаар “Намаг” УСК Ц.Хүрэлбаатар
  • Шилдэг эвлүүлэгчээр “Баавгай болохсон” УСК Александра штраусс
  • Шилдэг хөгжмийн зохиолчоор “Шар гэгээ” УСК Б.Санчир
  • Шилдэг дууны найруулагчаар “Алдагдсан өдрүүд УСК О.Цэгмэд
  • Шилдэг нүүр хувиргагчаар “Наймаа” УСЗ Э.Оюун-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

Соёлын тэргүүний ажилтан, "Авиа" студийн дууны найруулагч О.Цэгмэд нь "Дурлалын гэмт хэрэг", “Солиот эх”,“Single Ladies”, “Хөхөө”, "37-р Точка", "Ноён эмэгтэй", "Монгол" зэрэг 80 гаруй уран бүтээлийг бүтээжээ. Киноны амин сүнс болох дууг хариуцаж ажиллах нь дууны найруулагчаас ихээхэн ур чадвар шаарддаг. Тэгвэл энэхүү амин сүнсийг тэр тун чадварлагаар амилуулж ажилласан бүтээл болгоноо үзэгчдийн сэтгэлд хоногшуулж, хит болгож яваа нэгэн. 

Тэрбээр 2007 онд Кино урлагийн дээд сургуульд элсэж ороод 2011 онд дуу чимээний технологич буюу дууны найруулагч мэргэжлээр төгсжээ. Сургуулиа төгссөн даруйдаа М.Болд багшийнхаа нэрийг нь өгсөн "Авиа" студийг нээж  “Богд хаан I”, П.Дэлгэрбаяр найруулагчийн “Дурлалын гэмт хэрэг” кинонд бие дааж дууны найруулагчаар ажилласан гэдэг. Ийн өнөөдрийн өндөрлөгт хүрэх гараагаа зоригтойгоор эхлүүлж тууштай хөдөлмөрч яваа уран бүтээлч юм.