Ирэх сард ихэнхи нутгаар хүйтэрнэ
2023/10/26
Арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй бол бусад нутгаар агаарын температур болон хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөв гарчээ.
Сарын эхээр баруун болон төв зүүн зүгийн нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч олон жилийн дундажтай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан.
Харин сарын хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-4 хэмээр хүйтрэх нь.
Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг хур тунадас орж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-2 хэмээр хүйтэн байна.
Сарын сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2 хэмээр дулаан байх төлөв гарчээ.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг байна.
Ирэх сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь-Алтайн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч ОЖД–тай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.
Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 2–4°С-аар хүйтрэх төлөвтэй байгаа бол сарын сүүлийн арав хоногт харьцангуй тогтвортой.
Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.
Хур тунадас Хөвсгөлийн нутаг, Архангайн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим орно.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч ОЖД–тай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.
Хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 3–4°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаарна.
Зүүн аймгуудын нийт нутгаар агаарын дундаж температур ОЖД–ийн орчим, хур тунадас Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх нь.
Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай, хүйтэн байх боловч ОЖД–тай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаарна.
Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 2–4°С-аар хүйтрэх төлөвтэй байна.
Цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаарна.
Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорноговийн ихэнх, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас бага бусад нутгаар дунджийн орчим байна.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай сэрүүхэн байх боловч ОЖД–тай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.
Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын температур ОЖД–аас 1–3°С-аар хүйтрэх төлөвтэй.
Бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Эх сурвалж: ЦУОШГ