“Туг пикчерс” кино компани, Скаймедиа корпорацитай хамтран “Ахан дүүс” олон ангит киногоо 2023.10.28-ны бямба гаргийн 22:00 цагаас Боловсрол телевизээр үзэгчдэдээ хүргэх гэж байна.  “Ахан дүүс” олон ангит кино нь “Туг пикчерс”-ийн анхны томоохон төсөл бөгөөд зохиолын эрхийг БНХАУ-ын Daylight Entertainment –ийн албан ёсны эрхтэйгээр авч бүтээжээ.  

Төсөл эхлэснээс хойш бүтэн жилийн дараа үзэгчдийн хүртээл болж байгаа бөгөөд кинонд нийт 200 гаруй жүжигчин, 50 гаруй уран бүтээлч 80 орчим объектод ажиллаж зураг авалт дөрвөн сарын турш үргэлжилжээ.

“Ахан дүүс” олон ангит кино нь 1990-2020 оны хооронд 30 жил үргэлжлэх нэгэн гэр бүлийн амьдралыг харуулах драм юм. Элэг бүтэн амьдарч байсан Хулганаагийн гэр бүлд гунигт явдал тохиож тав дахь хүүхдээ өлгийдөн авах үедээ ээж нь төрхийн хүндрэлээс болж өөд болсноор киноны үйл явдал эхэлнэ. Гэр бүлдээ халамж, анхаарал муутай аавын хамт өнчирч үлдсэн 10 хүртэлх насны таван хүүхдийн адармаатай амьдралыг өгүүлэх энэхүү кинонд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУСТА О.Гэрэлсүх, Т.Сэргэлэн, залуу жүжигчин Н.Нархажид, Б.Бямбасүрэн, Т.Анхзул нар гол дүрд тогложээ.

Харин киноны ерөнхий найруулагчаар МУСТА Б.Дамдинсүрэн ажилласан бөгөөд тэрээр “Мөрдөгч”, “Хавтаст хэрэг”, “Манайд ирсэн дурлал” зэрэг олон ангит кинонуудаас гадна телевизийн олон томоохон шоу нэвтрүүлэг, контентуудаараа үзэгчдийн эчнээ танил юм.

 “Ахан дүүс” олон ангит кино 2023 оны 10 дугаар сарын 28-аас эхлэн бямба, ням гаргийн бүр эхлэн 22:00 цагаас “Боловсрол” телевизээр гарахаас гадна үзэгчид “Skymedia, GoPlus”-ийн кино багцаас түрүүлж үзэх боломжтой.