"Хулхидуулсан" иргэд автобусандаа хаягдаж, хүлээсээр...
2023/10/30
Өвлийн урь хэдийнээ хаяанд ирчихлээ. Нийслэлийн иргэд нийтийн тээвэртээ шинэчлэл хийж сайхан унаатай болох гэсэн "лөөлөй" болов. Нийтийн тээврийн шинэчлэл нэрээр хулхидсан нөхдүүд хариуцлага үүрнэ гээд л суудлаасаа гоё үг бурж байгаад буугаад явчихсан. Гэтэл ард нь иргэд өвлийн хүйтэйнтэй зэрэгцэн автобусандаа хаягдаж, хүлээсээр тун бэрх л дүр зурагтай өнөө өглөөг угтлаа.
Цавцаа ногооны талаар дуулаагүй иргэн байхгүй бөгөөд мартаж үл болно хэмээн биедээ сануулсаар буй. БНСУ-ын “Daewoo Bus” үйлдвэрийн ногоон автобусны нэг бүрийн үнэ нь 336 сая төгрөг бөгөөд энэ үнэ нь өнөөгийн зах зээлийн үнээс харьцангуй хямд үнэ гээд бараг л ийм хямдаар олж ирсэн баярла ухааны тайлан тавиад байсан. Үүнийг нь олон нийтийн сүлжээнд БНСУ-д үйлдвэрлээгүй, Вьетнамд үйлдвэрлэсэн, зарим эд анги нь зэвэнд идэгдсэн, хуучин автобусыг оруулж ирсэн гэснээр өнөөдрийн байдлаар, 13 хүнийг мөрдөн шалгаж байгаа юм. Энэхүү дуулиан нь тасраагүй байхад дахин автобус худалдаж авах тендер зарлаад байгаа билээ. Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Тендер сонгон шалгаруулалт маргаангүй байвал арванхоёрдугаар сарын эхээр гэрээг хийж, автобуснуудыг нийлүүлэх компаниас хуваарийн дагуу авна. Энэ нь том оврын 600 автобус авах тендер юм. Шинээр авах автобуснууд нийслэлийн гол чиглэлүүдэд явна.
Бид одоо байгаа санхүүгийн эх үүсвэртээ тааруулаад 600 автобус авах тендерийг зарласан. Энэ ондоо багтаан автобуснуудыг авч, үйлчилгээнд гаргахаар ажиллаж байна. Мөн 55 цахилгаан автобус, дизель 20 автобусыг өмнөх тендерээр авсан нь үйлчилгээнд гарсан. Дунд оврын 50 автобусыг хүлээж авсан, гэр хорооллын холбоос замуудаар удахгүй үйлчилгээнд гаргахаар ярьж байна. Өмнөх тендерийн хувьд урьдчилгаа мөнгөнүүд шилжүүлсэн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа" гэж ярив.
Засгийн газраас нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгойлон анхаарч, 810 автобусаар парк шинэчлэл хийхээр болж, 2022, 2023 онд энэ ажлыг эхлүүлсэн нь өнөөдрийн байдлаар ямар ч өөрчлөлтийг өнөөдрийг хүртэл авчирсангүй. Иргэд автобусаа хүлээж, даарч зогссон хэвээр байна. Олон автобустай болоод иргэд хүлээлгэж, дааруулахгүй гэж "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг" амлаад л байсан нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй л байна. Ер нь ажлыг амаар биш "хийж харуулдаг болмоор байна төрийнхөн". Төртэй холбоотой бүхий л ажлууд "дундаасаа замхраад алга" болчихдог гэхэд худлаа хэлсэн болохгүй. Өөрөөр хэлбэл, үнэнд ойр болчихоод байгаа тул ирэх сонгуулиа л олигтой өгмөөр байна. Олиггүй өгснөөс үүдэж "Улстөрчдийн халаасаа зузаатгах ов мэх"-нд нь орчихоод байна даа бид.
Үүний тод жишээ нь Нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал. Ганцхан асуудлаас хэрхэн яаж мөнгө угааж, идэж түрүүвчээ дүүргэдэг болох нь харагдаж буйг иргэд өдгөө ойлгосон биз ээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 60 автобус, 2023 оны нэг, хоёрдугаар сард 224, нийт 284 автобус оруулж ирээд байгаа юм. Тэд шинээр авч буй автобусны нэг бүрийн үнэ 253.5 сая төгрөг гэж НЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээлж байсныг ч та бүхний сонорт хүргэж байв. Харин сүүлдээ нэг бүрийн үнэ нь 265 сая төгрөг болж нэмэгдсэн.
Гэтэл аудитын тайланд 706 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 310 төсөл арга хэмжээг шинээр хэрэгжүүлсний нэг нь нийтийн тээвэрт одоо явж байгаа "улаан" өнгөтэй автобус. Захиалагч нь нийслэлийн Нийтийн тээврийн газар юм. Нийт 224 ширхэг их багтаамжийн автобусыг “Шиамэн голдэн драгон бус” компаниас тус бүрийг нь 640 мянган юань буюу ойролцоогоор 302 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд нийт худалдан авалтын төсөв нь 60 тэрбум 560 сая төгрөг гэсэн байдаг.
2023 онд улсын төсөвт шинэ автобус худалдаж авахад зориулж 300 гаруй тэрбум төгрөг тусгасан бөгөөд парк шинэчлэлтийг энэ онд багтаан хийж дуусгана гэсэн нь өнөөгийн дуулианыг тариад эрх баригчид нь халуун машиндаа тухалж, иргэд хүйтэнд автобусандаа багтахгүй, хаягдан дараагийн ирэх автобусаар хүлээсээр өвлийг өнтэй давахад бэрх л боллоо.
Зочин · 2023/10/30
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
бат · 2023/10/30
Манайхаас автобус авдаг орон гэж олдохгүй оруулж ирсэн ногоон автобусаа явуулаач үнийн зөрөөг эрхмүүдээр төлүүл өөр яах гэж