Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ), Мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоо (МСББЭХОХ) хоорондын үүссэн асуудалд Үндэсний дээд лигийн долоон багийн тамирчдын төлөөлөл өөрсдийн байр сууриа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийлээ.

Монголын сагсан бөмбөгийн тамирчдын Ирээдүй холбооны гишүүн Г.Баттөр: Олон нийтийн сүлжээнд гарснаар сүүлийн 11 хоногийн хугацаанд МСБХ болон МСББЭХОХ хоорондын үл ойлголцлоос болж тулгагдсан асуудалд Үндэсний дээд лигийн тамирчид нэгдсэн нэг байр суурьтай байгаа. Үндэсний дээд лиг ирэх сарын 3-нд эхэлнэ. 

Дээрх хоёр холбоо бие биедээ тавьсан шаардлагаа биелүүлэхгүй байгаагийн улмаас Үндэсний дээд лигийн таван багийн 70 гаруй тамирчин удахгүй эхлэх лигтэй тоглох боломжгүй болоод байна. Нийт тамирчдын зүгээс нэгдсэн нэг л лигт тоглох албан ёсны байр суурьтай байгаагаа мэдэгдэж байна. Тамирчдын холбооноос дээрх хоёр холбоотой уулзаж хүсэлтээ тавьсан. Бид аль нэг холбооны талд орохгүй. Үзэгчдээ хүндлээд нэгдсэн нэг лигтэй л тоглоно. Ямар нэгэн байдлаар хоёр лигт хуваагдаж тоглох хүсэлгүй байгаа.

Хасын хүлгүүд багийн тоглогч Б.Билгүүн: Үүсээд буй нөхцөл байдалд талууд янз бүрийн л байр суурьтай байна. Олон нийтийн сүлжээнд буруу мэдээлэлтэй явж буй хүмүүс ч байна. Манай багийн тамирчид эздийгээ дагаад Үндэсний дээд лигт оролцох шийдвэртэй байгаа. 

Сагсан бөмбөгийн тамирчид маань нэгдсэн нэг байр суурьтай байх ёстой. Тамирчид нэг лигтэй тоглоно гээд бэлтгэлээ хийгээд явж байтал долоо хоногийн өмнө ийм шийдвэр гарсан нь үнэхээр харамсалтай байна.  Миний зүгээс ямар нэгэн баг, холбоог төлөөлж бус хувь хүнийхээ дагуу саналаа өгнө. Тиймээс тамирчид нэг лигт тоглох хүртэл миний бие Хасын хүлгүүд багийн бүрэлдэхүүнээс тоглохгүй.

IHC Apes багийн тоглогч Э.Цэрэнбаатар: Хамгийн гол нь үзэгчдийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Монголын сагсан бөмбөгийг цаашдаа хөгжүүлээд явахын тулд бүгд нэгсэн нэг лигт тоглох хэрэгтэй.

Эрдэнэтийн Уурхайчид багийн тоглогч Т.Санчир: Энэ асуудал нь анх удаа тохиолдож байгаа зүйл биш. Арван жилийн өмнө бүх шатандаа хагаралтай байдлыг туулж үзсэн. Дахин заавал хагаралтай байх нь тийм ч сайхан зүйл биш юм. Сагсан бөмбөгийн спортод үзэгч хамгийн чухал зүйл. Тиймээс МСБХ маань үзэгчдээ хүндлээд гарсан шийдвэртээ уян хатан хандах болов уу гэж найдаж байна. 

МСБХ-ны сонгуульд олон талын төлөөллүүд оролцож дуу нэгтэйгээр ерөнхийлөгчөө сонгосон. Биднээс сонгогдож гарч ирсэн учир гаргасан шийдвэрээ эргэж хараасай.

BCH Гарьд багийн тамирчин Г.Эрдэнэцогт: Тамирчид бүгд цугласан. Нэг л асуудлыг ярьсан. Нэгдсэн нэг, өрсөлдөөнтэй лигтэй болъё гэж байна. Эцсийн арга нь энэ болж байна. Одоогоор холбоотойгоо ярилцах боломж олдоогүй л байна. Хүсэлт тавьсан ч хариуг сошиалаар хүлээн авсан. Бид аль талыг нь ч буруутгаагүй. Нэгдсэн нэг лигтээ л тогломоор байна.

Тэнүүн-Өлзий Металл багийн тамирчин А.Энхбаясгалан: Залуу тамирчны хувьд өмнөх үеийнхээ ах нарт болсон зүйлийг харсан.Ах нарт болсон зүйл дахин битгий давтагдаасай. Тамирчид хоёр лигт тоглох нь тамирчдын хөгжил, чанар гээд бүхий л зүйлд сөрөг нөлөөтэй. Тиймээс нэг лигтээ л тогломоор байна.