Туул голын загас олноороо үхсэн тохиолдол гарчээ. Өнгөрсөн амралтын өдөр энэ тухай мэдээлэл гарч цахим ертөнцөд багагүй шуугиан тарив. Бид энэ талаар сурвалжилсан юм.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний доод талд Хайрус нэртэй загас бөөнөөрөө үхжээ. Одоогийн байдлаар Туул голын загас ямар учраас бөөнөөрөө үхсэн нь тодорхойгүй байгаа юм. Загас олноороо үхсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга н.Нямдоржоос тодруулахад “Загас үхсэн талаар мэдээлэл бидэнд ирээгүй байна. Одоо мөс хайлаагүй байгаа учраас голын загас үхсэн эсэхийг мэдэх боломжгүй” гэв.  Туул голын сав  газрын захиргааны ажилтнууд мөн л загас үхсэн шалтгааныг хэлэх нь байтугай энэ талаар  мэдээгүй байлаа. Цахим ертөнцөд энэ мэдээллийг цацаж өөрийн твиттер хуудастаа бичсэн О.Нэргүй “Бид өнгөрсөн амралтын өдрөөр дугуйн аялал хийж байгаад Туул голыг гаталсан юм. Маршалын гүүрний ойролцоо гол гатлаад явж байтал өмхий үнэртээд байсан. Тэгэхээр нь яваад очсон чинь бөөн загас үхчихсэн байлаа. Ингээд л үүнийг олон хүн мэдэх хэрэгтэй гэж бодоод твиттер хуудастаа тавьсан юм” гэлээ. Бид энэ мэдээллийн дагуу Туул голыг зорилоо. Маршалын гүүрнээс гол даган доош уруудаж явтал бөөн хэрээ тэнгэрт эргэлдэж байв. Хүрээд очвол голын салаанд тогтсон усанд бөөн жараахай үхсэн харагдана. Бид доош явсаар Хайрус загас бөөнөөрөө үхсэн газарт очлоо. Загаснууд усгүйдэж үхсэн байв.

Өмнө нь Туул голд загас бөөнөөр үхсэн тохиолдол цөөнгүй гарч байсан. Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийн хаягдал голыг бохирдуулж загас, жараахай бөөнөөрөө үхэж байв. Гэхдээ сүүлийн жилүүдэд ийм зүйл гараагүй гэдгийг НМХГ-ын байгаль орчны байцаагчид хэлж байгаа юм. Хэдэн жилийн өмнө Туулын эрэг дээр маш олон загас үхсэн байсан. Тухайн үед арьс, ширний үйлдвэрүүдээс болж загас үхлээ гэж байсан боловч шинжилгээ хийж үзэхэд энэ нь тус голын загас биш байсан нь тодорхой болсон юм. Мөн энэ загасыг нь гадны орноос арилжааны зориулалтаар оруулж ирсэн бөгөөд үхэхээр нь голын эрэгт хаясан болохыг тогтоож байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Туул голын усны найрлагад байнга шинжилгээ хийдэг голын ус бохирдох үндэс байхгүй гэж байна. Гэхдээ голын загас бөөнөөрөө үхсэн шалтгааныг урьдчилан хэлэх боломжгүй байна. Учир нь уснаас дээж авч байж загас юунаас болж үхснийг тодруулах гэнэ. Ингээд өчигдөр НМХГ-ын байцаагчид тус голын уснаас дээж авсан юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Туул голын ус хариуцсан ганцхан мэргэжилтэн байдаг юм байна. Энэхүү мэргэжилтэн нь гадны оронд сургалтад сууж байгаа гэнэ. Улсын мэргэжлийн хяналтын газарт ч мөн голын усны ганц мэргэжилтэн байдаг аж. Энэ мэтээр чухал салбарт хүн хүч дутагдаж голын загас бөөнөөрөө үхэж байхад хариуцсан хүмүүс нь мэдэхгүй сууж байна.

Загас үхсэн шалтгааныг эцэслэн тогтоогоогүй боловч жилийн энэ үед голын загас бөөнөөрөө үхэх тохиолдол цөөнгүй гардаг тухай мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тухайлбал загасны ичээ урсгалгүй болсноос цүнхээлдээ агааргүйдэж загас бөөнөөрөө үхэх тохиолдол байдаг гэнэ. Дараа нь мөс ханзрахад өмхийрсөн загас гардаг аж. Мөн загас ичээндээ хэт олноороо байснаас болж үхэх тохиолдол ч гардаг.            

Туул голын усны түвшин жил ирэх тусам багассаар байна. Учир нь гүний усны нөөц багасч байгаа учраас түүнийг нөхөх гэж гол шургадаг аж. Голын ус шургахаар ичээндээ байгаа загаснууд усгүйдэж үхэхэд хүрдэг байна. Голын усны түвшин багасч байгаагаас болоод гол тэр чигээрээ хөлддөг болсон. Энэ нь ч мөн загас үхэх шалтгааны нэг болж байгаа аж. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны байцаагч н.Шинэ-Оргил “Хоёр жилийн өмнө Туул голын загас олноороо үхсэн тохиолдол гарсан. Үүнийг лабораторийн шинжилгээнд өгөөд хордоогүй болох нь тогтоогдож байсан байна. Голын загас зарим үед гүехэн устай газар өвөлжээд хөлдөх тохиолдол гардаг. Уг нь голын загас цүнхээлдээ очиж өвөлждөг. Зарим тохиолдолд загас нүүдэллэж яваад цүнхээлдээ очиж амжилгүй хөлддөг юм билээ. Нэгэнт хөлдчихсөн учраас хаврын цагт голын мөс гэсэхээр өмхийрч байгаа” гэв. Энэ мэтчилэн голын загас үхэхэд нөлөөлдөг хүчин зүйл олон байдаг юм байна. Загас үхэхэд нөлөөлсөн шалтгаан нь байгалийн хүчин зүйл үү эсвэл хүний оролцоотой байв уу гэдэг нь удахгүй тодорхой болно.

Н.Санжаасүрэн