Төөрсөн, сураггүй болсон, цас, голын усанд суусан 20 иргэний амь насыг аварчээ
2023/11/07
Өчигдрийн байдлаар төөрсөн, сураггүй болсон, цас, голын усанд суусан зэрэг нийт 20 иргэний амь насыг аварсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн Цайдам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 50 км-т/ 11.06-ны өдрийн 13:00 цагийн орчим “Цайдам” гэдэг газраас Сүмбэр сумын чиглэлд суудлын автомашинтай явсан 6 хүн сураггүй байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 22:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Г, Н, Б , А, А, А нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.07-ны өдрийн 05:30 цагт Сүмбэр сумаас зүүн зүгт 42 км-т “Цайдам” гэдэг газар малчин Н-ийнд эсэн мэнд очсон байхад нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Төв аймгийн Эрдэнэ сумын Оргил 1 дүгээр багийн “Ар жанчивлан” гэдэг газар 4 зорчигчтой суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Тоёота-Ист” загварын суудлын автомашин эвдэрч явах боломжгүй байсан тул автомашиныг нь орхиж, 4 зорчигчийг Налайх дүүрэгт авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн “Бага-Өлт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Завхан аймгийн Их-Уул сумаас Тосонцэнгэл сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин эвдэрч цасанд суусан тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 17:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн “Тоёота пробокс” загварын суудлын автомашин замын хажуугийн цас руу өнхөрч суусан байсан тул автомашиныг татан гаргасан бөгөөд явах боломжгүй тул орхиж, иргэн Г, Д нарыг Тосонцэнгэл суманд авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Доод харганы шар жалга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ Тосонцэнгэл сумаас “Нарийн даваа” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан 7 зорчигчтой ачааны автомашин “Цоохор”-ын голын усанд суусан тухай дуудлагыг 11.07-ны өдрийн 01:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын “Киа серес” загварын ачааны автомашин “Цоохор”-ын голын гармаар гарч байгаад усанд суусан байсныг 1 цаг ажиллан татан гаргасан.
Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 1 дүгээр багийн Галуутын гарам” гэдэг газар ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.07-ны өдрийн 04:25 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын Хьюндай портер загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 5 минут ажиллан татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР