БНСУ-ын "Zyle daewoo" үйлдвэрээс "Евро 5" хөдөлгүүртэй, 100 ширхэг ногоон автобусыг энэ намар оруулж ирсэн ч "Евро 2" хөдөлгүүртэй, хуучин автобус болох нь тогтоогдсон билээ.

Энэхүү үйл явдлын дараагаар Хотын дарга, түгжрэлийн сайд нар албан тушаалаасаа огцорч, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал болон Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга тэргүүтэй олон хүн шалгагдаж, цагдан хоригдож байгаа юм.

Тэгвэл "Ногоон автобус"-ны хэрэгт одоогоор 29 хүний яллагдагчаар татаад байгаа бөгөөд үүний дөрөв нь гадаад улсын иргэн байгаа гэв.

АТГ-аас өнгөрсөн сард дээрх автобусны хэрэгтэй холбогдуулж мэдээлэл хийх үеэрээ “Нэр бүхий компани хуулийн этгээдэд эдийн засгийн давуу байдал олгосон гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор 11 иргэн, албан тушаалтны 16 обьектод нэгжлэг хийн, 25 хүнийг эрүүгийн хэрэг яллагдагчаар татсан.

Нэр бүхий яллагдагч нарын 31 үл хөдлөх хөрөнгө, арилжааны банкинд дахь 3.4 сая ам.долларын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан. БНСУ-ын нэр бүхий дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ дөрвөн хүний хоёрыг цагдан хорьсон, хоёр хүнд нь хилийн хориг тавьсан хэмээн тодотгож байв.

Нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх хүрээнд “Тэнүүн огоо” компани нь Вьетнам улсад угсарсан 100 ширхэг автобусыг нууцад оруулан, тендер зарлалгүйгээр оруулж ирсэн нь хууль зөрчсөн төдийгүй хуудуутай худалдан авалт хийсэн болох нь батлагдаж, өнгөрсөн сараас эхлэн АТГ тус асуудлаар холбогдох албаны хүмүүсийг саатуулан шалгах болсон. Худалдан авалтад холбогдох хүмүүсийг шалгаж байгаа ч нөгөө талд ногоон автобусыг буцаасан эсэхийг иргэд сонирхож байна. Тэгвэл энэ талаар нийслэлээс өгсөн мэдээллээр, “Тэнүүн огоо” компаниас автобус авахгүй гэдгээ мэдэгдсэн. Автобуснуудыг буцаах эсэхийг тус байгууллага шийднэ гэсэн юм.