Иргэн Н.Мэндбилэг үүрэн телефоны “Юнител” компани хэрэглэгчийн эрхийг зөрчсөн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Долдугаар сарын 19-нд Ерөнхийлөгчийн тухай олон нийтийн сүлжээнд мээм нийтэлсэн. Тэгэхэд оруулсан мэдээлэл минь 3000 орчим шэйр, сая 500 гаруй хүнд хүрсэн. Гэтэл миний сошиал хаяг руу нэвтэрч, устгасан. Фэйсбүүк платформ дээр өөрийн нэр дээрх Юнител сүлжээний дугаараар бүртгэл үүсгэсэн байсан. Миний дугаар надад байсаар байтал давхар ашиглаж Фэйсбүүк бүртгэлтэй мэйлийг солиод хоёр хоногийн дараа устгачихсан. Хамгийн сонирхолтой нь ерөнхийлөгчийн тухай бичсэн нийтлэлийг минь устгасан.

Үүнийг би эхнэрийнхээ Фэйсбүүкээс өөрийн акаунт руу орж харсан. Би есдүгээр сарын 15-ны өдөр энэ асуудлын шалтгааныг тодруулж өгнө үү гэж Юнител компанид хүсэлт гаргасан. Тэгэхэд биднээс ямар ч шалтгаалаагүй, та өөрөө ийм байдалд хүргэсэн байна гэх хариуг өгсөн. 

Хувь хүний үндсэн хуульд заасан эрх чөлөөнд ноцтойгоор халдсан үйлдэл. Би өмнө нь хэвлэлд хандсан. Гэтэл тэрхүү үйл явдлын мэдээллүүд устгагдсан. Олон хүнд хүрсэн бусад мэдээлэл минь устсан. Олон нийтийн мэдэх эрх, үгээ хэлэх эрхийг минь зөрчиж байна. Энэ асуудлын хохирогч нь зөвхөн би биш маш олон хүн хохирчихсон байдаг юм байна. Гэтэл бид ардчилсан улсад байж баталгаатай эрхээ эдэлж чадахгүй байгаа. Мэдээлэл хийсний дараа намайг утсаар дарамталдаг. Хууль шүүхэд хандахаар тоохгүй. Хүний эрхийнхээ зүгээс эрхзүйн тусламжаа авах байгууллагад хандах хэрэгтэй юм байна. Бас албан ёсны байгууллагад хандах шаардлагад хүрлээ. Би хүний эрхийн комисст шаардлага хүргүүлнэ. Мөн Ардчилсан намын хүний эрхийн хороонд хандахаар боллоо. Намын хүмүүстэй ажилладаг шигээ иргэн надад хууль эрхзүйн туслалцаа үзүүлээд миний эрхийг хамгаалах байх гээд хандана. Би цахим халдлагад өртсөн хороог өөрөө байгууллаад цааш явахаар болж байна" гэсэн юм.