“Шинэ Хархорум хотыг ямар концепцтой байх тухай ард иргэдээсээ асууя”
2023/11/09
Тэнгэрт дугариг саран мэлтийж, дулаахан намрын намуухан орой ноёлоход хотын төвийн нэгэн тохилог газар яруу найргийн нандин мөртүүд хөвөрч эхэлсэн билээ. Энэ бол “Улаанбаатарын үдэш” Олон улсын яруу найрагчдын чөлөөт уншлага, уулзалт байсан юм. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон, монгол төрийн дээд Чингис хаан одонт, сод яруу найрагч Г.Мэнд-Ооёо нар санаачлан зохион байгуулсан билээ.
Хэдийгээр жил бүрийн яруу найргийн үдшийг Ганга нуурын эрэгт тэмдэглэн, хөх тэнгэр, хунгийн ганганаан дунд найрагчид шүлгээ уншдаг байсан ч сүүлийн жилүүдэд Ганга нуур ширгэж, үзэгдэх орчин нь багассан тул ийнхүү нийслэл хотод зохион байгуулах болсон билээ.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нуурыг сэргээх “Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлснээр энэ жилээс нуурын ус нэмэгдэж, хуучин шигээ олон төрлийн усны шувууд чуулсан, үзэсгэлэнт төрхөө олжээ. Тиймээс энэ удаагийн яруу найргийн үдэшт Ерөнхийлөгчийг урьж, Ганга нуурын хөвөөнд хийхээр төлөвлөж байсан боловч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан томилолт давхацсан тул ийнхүү Улаанбаатар хотод зохион байгуулсан нь энэ. Харин дараа жилийн яруу найргийн үдшийг хун чуулсан Ганга нуурынхаа хөвөөнд хийнэ гэж зохион байгуулагчид онцолж байсан юм. “Улаанбаатарын үдэш” яруу найргийн үдшийн үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон Чингис хаан одонт, яруу найрагч Г.Мэнд-Ооёо нарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Чингис хаан одонт, яруу найрагч Г.Мэнд-Ооёо: Ганга нуур уугуул төрхөө олж, бүтэн ай саваараа үзэгдэж эхэлсэн
-Энэ сайхан яруу найргийн үдшийг бидэнд бэлэглэх санаачлагыг гаргасан хүн бол миний найз Н.Энхбаяр юм. Дарьгангын алдарт Ганга нуур 10 гаруй жилийн өмнөөс ширгэх үйл явц ажиглагдаж, бид Ганга нуурыг хамгаалах тухай орон даяар ярьж, хэвлэл мэдээллийн байгууллагууд ч дэмжиж, мэдээллийг хүргэх болсон. Ингээд олон нийтийн дэмжлэгээр сэргэж, энэ намар гэхэд Ганга нуур өөрийнхөө уугуул төрхийг олж, хун шувууд нь чуулж, бүтэн ай саваараа үзэгдэж байна. Нуурын хун буцахын өмнө эргэн тойронд нь цагаан цэцэг дүүрдэг.
Уг нь бид яруу найргийн үдшээ нуурынхаа хөвөөнд хийхээр төлөвлөж байсан боловч энэ жил амжсангүй. Гадны хоёр найрагч найз маань ч тэр үйл явдалд оролцохоор ирсэн. Гэхдээ “Улаанбаатарын үдэш” энэ яруу найргийн наадам Ганга нууранд хун шувуу чуулах мэт олон сайхан нөхөдтэйгөө яруу найргийн энэ сайхан үдшийг тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа баяртай байна.
Ингээд хоёр зочин найрагчаа танилцуулъя. Румынаас ирсэн яруу найрагч Константин Барбу. Энэ хүн бол түүхч, философич, нэвтэрхий тольч. Румыны түүхийн 1000 гаруй боть, нэвтэрхий толь бичсэн. Бид яруу найргаар дамжуулан танилцаж, цаашлаад өөрсдийн эх орны түүх соёлоор бахархаж, олон жил нөхөрлөсөн. Энэ хүн өөрийн зүрх сэтгэлд Миний Монголын түүх соёлыг багтааж, бахархаж, хайрлаж, түүнд дурлаж, Монголын түүхийн агуу их өв санг өөрийнхөө судалгааны сан хөмрөгт цуглуулж авдаг. Түүний судалгааны сан хөмрөгт Монголын эзэнт гүрэн болон түүхийн тухай дэлхийн 70 гаруй архиваар тарсан, олон номын сангийн нууцын зэрэглэлд багтсан, бидэнд олддоггүй эх сурвалжийг олж, гараараа барьж имэрч үзсэн. Тэдгээрийг уугуул, язгуур эх сурвалжаас нь татаж, хувилж аваад өөртөө хөмөргөлөчихсөн. Түүний сан хөмрөгт хадгалагдаж байгаа өвийг ботиор хэмжвэл 1000 гаруй болохоор арвин. Жишээлбэл, та бидний сайн мэддэг Рашид Ад-Диний "Судрын чуулган" буюу Монголын эзэн гүрэн буюу Чингис хааны түүхийг хамгийн дэлгэрэнгүйгээр бичсэн тэрхүү судрын есөн гар бичмэл энэ хүний сан хөмрөгт бий. Мөн Марко Пологийн тэмдэглэлийн гар бичмэл ч байна. Үүнээс гадна Юань гүрний хаан Хубилайгийн Японы эзэн хаанд бичсэн есөн захидал олдсон байна гэх мэтчилэн.
Магадгүй Монголын нууц товчоотой дүйцэхүйц эх сурвалж энэ хүний судалгааны сан хөмрөгт байгааг бид үгүйсгэхгүй. Байхаар ч үнэ цэнтэй өвүүдийг цуглуулжээ. Түүнийгээ биднээр дамжуулан Монголын залуу үед дамжуулан өгье гэсэн сайхан сэтгэлийг өвөртөлж Монголд ирсэн юм.
Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болоод Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, шинжлэх ухааны алдартай эрдэмтэд болон Соёлын яам Константин Барбуг хүлээж авч, мэдээллүүдийг нь сонссон. Ингээд Н.Энхбаяр болон бидний хэдэн нөхөд өнгөрсөн зун долоодугаар сард түүний амьдардаг Румыны Бухарест хотод очиж, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж оролцсон. Уран бүтээлч бидний нөхөрлөлийн сайхан харилцааны үр дүнд үндэсний түүх соёл хоорондоо солилцдог, илүү баялаг шинэ цаг үед, шинэ түүхийг, шинээр харах бололцоог олгодог гэдгийн нотолгоо энэ юм. Яруу найрагч гэдэг өөрийн орныхоо түүх соёлын элч байж, ард түмнийхээ дунд ардын дипломат нь байдаг гэдгийг Константин Барбугийн үйл хэрэг, амьдрал бидэнд харуулж байна. Барбугийн яруу найргийг орчуулагч н.Булгантамир орчуулж байгаа. Гэхдээ яруу найраг нь орчуулахад их хэцүү. Гэвч бид ирэх 2024 онд Барбугийнхаа яруу найргийн номыг Монголд хэвлүүлж, та бүхний хүртээл болгоно гэдгээ амлаж байна.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Хархорум зөвхөн Монголын бус дэлхийн нийслэл болно
-Би дараагийн зочин яруу найрагчийг танилцуулна. Үүнээс өмнө өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцмаар байна. Нэг хөгжилтэй зүйл яримаар санагдчихлаа. 1960-аад оны сүүлээр Вьетнам улсад дайн болсон. Хэдийгээр дайн ч гэлээ түүний тухай хөгжилтэй яриа олон байдаг. Тухайн үед АНУ-ын цэргүүд Вьетнам руу дайрч байхад ЗХУ, Монгол хүртэл Вьетнамчуудад туслаж байсан түүх бий. Гэхдээ үүнийгээ нууцалдаг байж.
Гэтэл АНУ-ын нэг цэрэг Вьетнам цэргийг барьж л дээ. Энэ цэргийг хэрхэн зовоовол болох бол гэж их удаан бодсоны эцэст Вьетнам халуун орон юм чинь хөргөгчинд хонуулъя, даарсандаа маргааш бүх цэргийн нууцаа хэлнэ гэж боджээ. Ингээд өглөө хаалгыг нь онгойлготол өнөөх цэрэг нь бүр сэргэчихсэн “Ямар гоё юм бэ. Яг манай Якутад байгаа юм шиг хүйтэн байна шүү” гээд биеэ үрээд зогсож байсан гэдэг.
Түүнтэй адил би өнөөдөр яруу найрагч, зохиолчид дундаа орсон чинь ямар сайхан юм бэ. Яг л миний залуу нас буцаад ирсэн мэт сэтгэгдэл төрж байна. Би 1980 онд сургууль төгсөж ирээд Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян, О.Дашбалбартайгаа. Арай ах гэвэл Д.Нямаа гуай, бүр ах гэвэл Л.Урианхай гуай, түүнээс ах гэвэл Д.Пүрэвдорж гуай гээд их олон мундаг хүмүүсийн дэргэд байж, үгийг нь сонсож, санаа бодлоо ярилцаж, он жилүүдийг өнгөрүүлсэн. Саяхан Д.Пүрэвдорж гуайн 90 насны ой Өвөрхангай аймагт болсон байна. Би сонсоод баярласан ч, тэр агуу хүнийг зөвхөн нэг аймгийн өмч болголгүйгээр Улаанбаатар хотод, Улсын хэмжээнд тэмдэглэхгүй яав даа гэсэн бодол төрсөн. Тухайн арга хэмжээнд манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай оролцсон юм билээ. Их сайхан зохион байгуулалттай болсныг нь надад хэлсэн. Ер нь сайхан зүйлийг бусадтай хуваалцах ёстой гэж би боддог. Тиймээс би энэ үдэш П.Очирбат гуайг гэргий Ш.Цэвэлмаатай нь урьсан. Хүрэлцэн ирсэнд нь талархаж байна. Өдгөө ажлаа өгсөн таван Ерөнхийлөгч байна. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биднийг хүлээж авч уулзахад, бидний хувьд хамгийн хүндэтгэлтэй ханддаг хүн нь П.Очирбат гуай. Орж, гарахдаа хүртэл эхлээд П.Очирбат гуай, дараа нь Г.Багабанди гуай, тэдний дараа миний бие гэх дарааллаар бие, биедээ хүндэтгэл үзүүлдэг. Тиймээс бид цаг ямагт анхны Ерөнхийлөгчөө хүндэтгэж, бахархдаг. Манай П.Очирбат гуай их хөнгөн, хөл сайтай хүн. Өнөөдрийн бидний үйл ажиллагаанд зорьж ирсэнд баярлалаа. Би нэг удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзтал “Би Ганга нуурыг сэргээх ажил хийж байгаа. Та очиж үзээч, их сайхан болж байгаа” гэсэн юм. Бид 1984 оны үед орон нутагт “Утга зохиолын өдрүүд” гэсэн арга хэмжээг хийдэг байсан. Энэ үед О.Дашбалбар, Г,.Мэнд-Ооёо гээд бидний хэдэн нөхөд оролцож байлаа. Тэр үед Ганга нуур их гоё цэнгэг устай байсан. Бид усанд нь шумбаж явсан түүхтэй. Энэ тухай дурсамжаа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид хэлтэл “Сүүлийн жилүүдэд ширгээд, их хэцүү байдалтай болсон. Харин нутгийн ард иргэд давхар уриалга гаргаж, би ч түүнийг нь дэмжиж ажилласны хүчинд одоо өмнөх шигээ их сайхан болсон. Хамтдаа очиж харцгаая” гэхээр нь миний сэтгэл хөдлөөд “Тэгвэл хунгийн чуулган болох үеэр явъя” гэж тохиролцсон юм. Энэ тухайгаа Г.Мэнд-Ооёодоо хэлсэн. Яруу найргийн үдшээ зохион байгуулж, гадны найрагчдыг уръя, байгаль дэлхий, Ганга нуур сэргэж байгаагаа түмэнд дуулгаж, Алтан овоондоо мөргөе гэж ярилцсан юм.
Энэ ажилдаа МЗЭ-ийн дарга, хариуцлагатай алба хашиж байгаагийнх нь хувьд Б.Ичинхорлоодоо хамтарч ажиллах санал тавьсан. Ингээд аравдугаар сарын 22 –нд Ганга нуурандаа очиж, шүлэг найргаа уншихаар бэлдэж байсан юм. Мянга мянган хунгийн фон дээр шүлгээ уншиж, Монголоороо бахархаж, байгаль дэлхийгээ шүтэж, хамгаалъя гэсэн зорилт тавьж байсан юм.
Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятадад хийсэн айлчлал сунжирсан учир энэхүү арга хэмжээнд оролцох боломжгүй болсон. Тиймээс цаг сайхан болохоор буюу дараа жил Ганга нуурандаа яруу найргийн наадмаа зохион байгуулна. Харин энэ удаад нэгэнт гадны яруу найрагчид ирчихсэн байгаа учир ийнхүү Улаанбаатарт зохион байгуулах боллоо. Энэхүү арга хэмжээг зураач Ч.Гунгаасүх гуайн хүү Г.Ганбаатар хамтран зохион байгуулсан. Ээж нь Дашиймаа гээд манай алдартай дуучдыг төрүүлсэн багш, орос хүн байсан. Би Ерөнхийлөгч байхдаа Дашиймаа багшийг гайхалтай дуучид төрүүлсэн гавьяаг нь үнэлээд гадаадын иргэнд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн гэсэн цол тэмдгийг олгож байсан юм. Ингээд бид ярилцсаны үндсэн дээр өнөөдрийн энэхүү арга хэмжээг зохион байгуулах шийдэлд хүрсэн. Харин өнөөдрийн миний танилцуулах дараагийн хүн бол ИзрайлЫн яруу найрагч, дэлхийн алдартай архитекторч Хайм Дотан юм. Хамгийн харамсалтай нь одоо Израйлчууд их хүнд, хэцүү цаг үеийг туулж байна. Олон мянган хүн үхэж, террористуудын халдлагад өртлөө.
Яг тэр үеэр би Дотан руу “Та гайгүй юу. Бид санаа зовж байна” гээд мессеж бичсэн юм. Гэтэл хариуд нь “Бид зөвхөн зэр зэвсгээр биш, сэтгэлээрээ хүчтэй. Еврейчүүд үүнээс илүү хэцүүг туулж ирсэн. Тиймээс бид дахиад ч давна” гэсэн товчхон хариулт ирсэн. Хамгийн чухал нь энэ хүн дэлхийд алдартай архитекторч хүн. Хятадын алдартай, хоёр уулыг холбосон шилэн гүүрийг барьсан юм шүү дээ.
Хэрэв П.Очирбат Ерөнхийлөгч санаж байгаа бол Их эзэн Чингис хааны 860 насны ой болсон өдөр бид таван Ерөнхийлөгч цуглараад, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид Хархорум хотыг сэргээх зарлиг гаргаач гэж хүсэлт тавьж байсан. Ерөнхийлөгч ч хүлээж авч, оны сүүлчээр буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдөр олон нийтэд тэрхүү зарлигаа танилцуулсан. 1980-аад оны үед өөрчлөн байгуулалт өрнөж, бидний хэдэн нөхөд түүх соёлоо ихээхэн хамгаалдаг байлаа. О.Дашбалбар маань “Номон дээр гишгэсэн алдас болов” гэсэн бүтээл бичиж, би Хархорумын ойр орчим, Орхоны хөндийн голын түүх соёлын дурсгал аюул заналд орсоныг хөндөж “Соёлын мянган дурсгал хөнөөх нэгэн аюул” гэсэн өгүүлэл бичиж байсан юм. Түүнээс хойш буюу 1986 оноос эхлээд Хархорумыг сэргээсэй гэж хөөцөлдсөөр яваа хүний нэг нь би юм. Харин аз болж У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн үед энэ зарлиг гарлаа. Эзэн Чингис хаан гадаадын алдартай архитекторч, барилгачдыг авчирч, Хархорум хотыг байгуулсан байдаг. Тиймээс бид ч ялгаагүй гадны сайн архитекторчдыг урья гэж шийдсэний эцэст Г.Мэнд-Ооёогийн найз Хайм Дотаныг онцолсон юм. Тиймээс бид энэ зун Японы Күма, Израйлын Дотан, Казахстаны Рустанбекү гэсэн гурван том архитекторчийг урьж, Хархорум хотод очсон. Дотан Шанхайн экспод Израйлын павилоныг барьсан. Би Израйлын ерөнхийлөгчтэй сайхан харилцаатай байсан юм. Гэтэл Дотан бас тэр хүнтэй их ойр дотно харилцаатай байсан юм билээ. Хорвоо гэдэг чинь их уужим биш юм билээ. Хоёр хүний гар барилтаар л хэмжигддэг юм байна.
Бидний гол зорилго бол Хархорум зөвхөн Монголын нэг хот бус дэлхийн нийслэл хот болоосой гэсэн хүсэл. Хархорум хотын концепц гэж бий. Зарим ном судраас уншиж байхад Түргийн үеийн хаадын бичээс, Монголын үеийн хаадын бичээсийн бүх бичиг “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэсэн үгээр эхэлдэг байжээ.
Мөнх тэнгэрийн хүчин дор Чингис хаан их гавьяаг байгуулжээ. Мөнх тэнгэрийн хүчин дор бид төрж байна. Тиймээс энэ үгийг ард түмнээрээ хэлэлцүүлээд “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэдэг үг Хархорум хотын концепц, чухал үг мөн үү, үгүй юу гэдгийг шийдүүлье гэж бодож байна. Үнэхээр ард түмэн Чингис хаан энэ үгийг хэлж байсныг, Гүег хаан энэ үгийг захидалдаа дурьдсан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл энэ концепцоор Хархорум хотоо босгоё. Дотам бид хоёр Иерусалим хотын тухай ярьсан юм. Тэр хот бол дэлхийн бас нэгэн нийслэл. Манай Хархорум ч яахын аргагүй дэлхийн нийслэл байсан. Харин Иерусалим хотыг бурхан буусан, бурхан хөөрсөн хот гэж үздэг байжээ. Учир нь Христ цовдлогдсон. Бурхан израйлчуудад Иерусалим хотыг өгч, тэнд нь бурхнаа буулгажээ. Бурхны дэргэд байдаг Лха тэнгэр хадан дээрээс Магемитийг аваад, диваажинд аваачиж үзүүлжээ. Тиймээс Арабууд Иерусалимийн хад манай мегаметийг авч, тэнгэрт хальж, диваажинг үзүүлсэн учир ариун газар гэж үздэг. Харин Хархорум бол Мөнх тэнгэрийн хүчин дор дандаа оршино, юу ч ялахгүй. Бид энэ мөнх тэнгэрийнхээ хүчин дор цэцэглэн хөгжинө. Зовсон ч жаргана гэж би боддог. Тиймээс “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэсэн энэхүү философитой концепцоор Хархорум хотоо сэргээе гэсэн бодолтой явна.
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2023/11/09
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/11/09
SEKSDN80955877