Төөрсөн хоёр иргэнийг эсэн мэнд олжээ
2023/11/13
Өчигдөр төөрсөн хоёр иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Завхан аймаг, Тэс сум. Нисэг багийн “Улаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 330 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ Тус сумын харьяат иргэн Б, Д нар 11.11-ний өдрийн 17:00 цагийн орчим чацаргана жимс түүхээр автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.12-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 57 дугаар ангийн алба хаагчид иргэн Б/47 настай, эрэгтэй/, Д/39 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 05:10 цагт иргэн Б/47 настай, эрэгтэй/-ыг сумын төвөөс 5 км-т “Эргийн тохой” гэдэг газраас эсэн мэнд олж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн бөгөөд иргэн Д-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тухайн иргэнийг сумын төвөөс 5 км-т “Урт хошууны-Үзүүр” гэдэг газраас эсэн мэнд олсон тухай мэдээллийг сумын Засаг даргын орлогч дарга 11.12-ны өдрийн 10:00 цагт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Ховд аймаг, Мөнххайрхан сум. Алаг багийн “Өвөлжин” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 140 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ Иргэн Ж нь 11.11-ний өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.12-ны өдрийн 08:05 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид орон нутгийн 16 иргэнтэй хамтран иргэн Ж/41 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 11.12-ны өдрийн 07:25 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 13:35 цагт гэрээс нь 10 км-т “Нарийн дэв” газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар 13:04 цагт ангиас гарсан тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийг замаас нь буцаасан.