“Чингис хаан” одонг Морин хуурын чуулгын уран сайхны удирдаач Д.Түвшинсайханд гардууллаа
2023/11/14
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээлээ. Ерөнхийлөгч хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд улсынхаа нэр хүндийг өргөн, өв соёл, үнэт зүйлийг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсныг нь Монголын төр ийнхүү үнэлж байгааг тэмдэглэв.
1992 онд байгуулагдсан Морин хуурын чуулга анхны тоглолтоо 1993 онд хийсэн түүхтэй. Одоогоор эх орондоо 3000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаа 600 гаруй удаа тоглож, уран бүтээлээ толилуулаад байна. Морин хуурын чуулга Ардын жүжигчин Ц.Батчулууны санаачилгаар 1992 онд байгуулагдаж, 1994 оны тавдугаар сарын 25-нд Засгийн газрын 98-р тогтоолоор Улсын Филармонийн бүтэц бүрэлдэхүүнд нэгджээ.
Морин хуурын чуулга нь байгуулагдсан цагаасаа эхлэн АНУ Нью Йоркийн “Карнеги Холл”, НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-гийн танхим, Австрийн Вена хотын Филармони, Австралийн Сидней хотын Дуурийн театр, Франц улсын Версалийн хааны ордон зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй тайзнаа Монголын үндэсний бахархал, соёл урлагийг түгээн дэлгэрүүлж, сурталчилж иржээ.
Морин хуурын чуулгыг 2022 онд Монгол Улсын Гадаад харилцаа, соёлын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж Гадаад Харилцааны яамнаас “Монгол Улсын Соёлын Элч”-р өргөмжилсөн юм.
Зочин · 2023/11/14
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten