Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдрийн хүрээнд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээх ёслол өчигдөр Төрийн ордонд болсон билээ.

Тэгвэл өнөөдөр "Чингис хаан одон-т" Морин хуурын чуулга хэмээн анхны удаагаа зарлуулан хүндэтгэлтэйгээр тайзнаа гарлаа.

Морин хуурын чуулга ХУД-ийн Соёлын ордонд тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн өсвөр насныханд зориулан тоглосон юм. Хорвоо ертөнцийн учрыг хоёрхон чавхдасаар илэрхийлдэг хосгүй гайхамшигт өв соёлоо тээн яваа "Чингис хаан одон"-т чуулгын анхны тоглолтыг үзсэн сурагчид өөрсдийгөө их азтайд тооцож буй гэнэ. "Чингис хаан одон"-т Морин хуурын чуулгын анхны аялгууг сонссондоо өөрсдөөрөө бахараж байна гэв. 

"Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Нийслэлийн ЕБС-ийн сурагчдад СОЁЛЫН ЭРХИЙН БИЧГИЙН-ийн үзвэрийн үйл ажиллагаа эхэлж 10, 115, 114, 118, 41 дүгээр сургуулийн ахлах ангийн 260 сурагчид хамрагдсан байна.