Засгийн газрын хурал шүүгчдийн дундаж цалинтай холбоотой асуултуудад Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах хариултыг өглөө.

Тэрбээр “Анхан шатны шүүгчийн гар дээр авдаг цалин өнөөдрийн байдлаар 2.4 сая төгрөг байгаа. Энэ цалин сүүлийн 10 жилд өөрчлөгдөөгүй. Хүмүүс шүүгчийн цалинг нэмэгдээд байна гэж ярьдаг. Гэтэл бие даасан тогтоолоор батлагддаг учраас үүнийг нь хөнддөггүй.

Бусад албан хаагчдынхаа цалинг нэмсээр байгаад сүүлийн 10 жил шүүгчдийнхийг өөрчлөөгүй. Шүүгчид өөрсдөө цалингийн асуудлаа олон нийтэд ярьж чаддаггүй юм билээ.

Мөн шүүн таслах үйл ажиллагаа явуулахад хамгийн туслагч, оролцогч нь шүүхийн захиргааны ажилтнууд буюу шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар байдаг. Шүүхийн захиргааны ажилчид гар дээрээ 1.2 сая төгрөгийн цалин авдаг. 

Нэгдүгээрт шүүхийн захиргааны ажилтнуудын орон тоог үлэмж хэмжээгээр нэмэх, хоёрдугаар цалингийн асуудлыг ярих шаардлагатай" гэлээ.