С.Чинзориг: Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн, цаашдаа эрүүл мэндийг нь хянах үүргийг өгсөн байгаа
2023/11/28
Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхдэд өнгөрсөн долоо хоногт /2023.11.23/ оройн 22.00 цагт тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан. Тэгвэл өнөөдрийн байдлаар нэг хүүхдийг ЭХЭМҮТ-рүү шилжүүлж, 10 хүүхэд эмнэлгээс гарсан байна. Харин зургаан хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тэгвэл энэ асуудлаар Эрүүл сайд С.Чинзоригоос мэдээлэл өглөө. Тэрбээр Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд өнөөдрийн байдлаар 400 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт нэг тасагт хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүдийн 17 хүүхдэд судсаар гурван төрлийн антибиотик тарихад реакц өгсөн асуудал гарсан. Манай яамнаас ажлын хэсэг гарч ажилласан байгаа. Мөн эцэг эхчүүд буруу тариа тарьсан байж болзошгүй гээд эцэг эхчүүд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Одоо шалгагдаж байгаа.
Өнөөдрийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал хэвийн. Өнөөдрөөс эхэлж зарим хүүхдүүд эмнэлгээсээ гарч байна. Одоогоор дүгнэлт гаргах болоогүй.
Маргааш лабораторийн шинжилгээний хариу гарна, тэгэхээр тодорхой гарна. Надад өгсөн мэдээллээр тариаг сольж, андуурч хийсэн асуудал байхгүй гэсэн. Мөн стандарт зөрчсөн болон технологийн алдаа гаргасан уу гэсэн магадлалтай байна. Ачаалал их учраас цагийн тариаг нь урьдчилсан байдлаар найруулчихаад тарьсан нь технологийн алдаа гаргасан байж магадгүй гэсэн. Албан ёсны хариу гарсны дараа тайлбар хийнэ.
Цаашдаа 17 хүүхдэд эрүүл мэндэд нь хяналт тавин ажиллахыг үүрэг болгосон байгаа" гэлээ.
Эцэг эхчүүдийн зүгээс сувилагч нар цагийн тариа сольж тарьсан байж болзошгүй гэдэг мэдээллийг өгсөн юм. Тус эмнэлгийн дэд дарга "Ямар нэгэн байдлаар тарианы процедурын алдаа гарсан байх магадлалтай. Тариаг хийх стандарт байгаа. Энэ стандарт зөрчигдсөнөөс 17 хүүхдэд реакц үзүүлсэн байж болзошгүй.
Хоёр тасагт нийт 21 хүүхэд байснаас сүүлийн хүүхдэд тариа хийх болоход эхний тариа хийлгэсэн хүүхдэд шинж тэмдэг илрээд эхэлсэн тул сүүлийн 21 дэх хүүхдэд тариаг хийгээгүй, зогсоосон. Эмнэлгийн хувьд нийт 400 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн цаг мөчид өөр платын хүүхдүүдэд дээрх тарианаас хийхэд реакц үзүүлээгүй. Тариаг 0.9 процентын натри хлоридоор найруулж, үйлчлүүлэгчид тариа болон хугацааг харуулах ёстой. Энэ процедур дунд алдаа гарсан байх магадлалтай гэж үзээд байна. Хүүхдэд уян зүү ашиглаж, тариа хийдэг гэдгийг ярьсан билээ. Мөн хүүхдүүдийг насанд хүртэл нь эмнэлгийн хяналтад авсан гэдгээ ч мэдэгдсэн юм.