Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн “Хар толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 40 км-т/ Тус сумын харьяат иргэн Г нь 12.03-ны өдрийн 02:00 цагт гэр бүлтэйгээ маргалдсаны улмаас гэрээсээ автомашинаар гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 11:30 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн очиж иргэн Г /29 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 13:00 цагт Ханхонгор сумын Мандах багийн “Сайжрах” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 27 км/-аас эсэн мэнд олсон. Тухайн газар автомашин нь цасанд суусан байсныг татан гаргасан байна.

Мөн Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн Цагаан суварга гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 12.02-ны өдрийн 16:00 цагт мориор хонь хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 10:34 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн очиж иргэн Б /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:02 цагт Өлзийт багийн ”Хөндлөн” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 15 км/-аас эсэн мэнд олжээ.