Өнөөдөр 10 цагаас эхлэн цахилгаан хязгаарласан тул уг асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн  Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийж мэдээлэл өглөө.

Үүсээд буй гол асуудал нь ОХУ-ын Буриадын эрчим хүчний системийн Галуут нуурын цахилгаан станцад гэмтэл гарсантай холбоотойгоор манай улс руу өгөх цахилгаан эрчим хүчний чадлын урсгалын хэмжээг 2 дахин бууруулна гэж байгаа юм.

 

Тэрбээр "Өчигдөр буюу энэ сарын 12-ны өдрийн 16 цагт ОХУ-аас Монголд эрчим хүч нийлүүлдэг нийгэмлэг /"ВЕК" хувьцаат нийгэмлэг/-ээс Диспетчерийн үндэсний төвд нэгэн мэдээлэл ирсэн.

Тодруулбал,  энэ сарын 13-ны өдрөөс эхлээд ОХУ-аас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг буюу 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа бичгээр болон амаар мэдэгдсэн.

Хязгаарлалтын үндсэн шалтгааны нэг нь ОХУ-ын нэр бүхий хоёр цахилгаан станцад гэмтэл гарсан байна. Эхний цахилгаан станцад 345 МВт-ын нэг блок эвдэрч, зогсжээ. Хэзээ эргэн ашиглалтад орохыг нь мэдэгдээгүй. Хоёрдугаарт 2023 онд мөн нэр бүхий станцад 250 МВт-ын хоёр блок буюу нийт 500 МВт-ын станцын шинэчлэл хийж байгаа ажил нь ашиглалтад ороогүй учраас ОХУ-ын хэсэг газарт цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон гэж байна.

Тиймээс, маргааш өглөөнөөс эхлэн цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас аргагүй асуудал үүслээ. Энэ талаар ЗГ-ын хуралдаанаар танилцуулсан. Мөн ЗГ-ын хуралдаанаас олон нийтэд мэдээлэх чиглэл өгсний дагуу Эрчим хүчний сайдын хувьд энэ мэдээллийг хүргэлээ" гэв.

Тэрбээр мэдээлэл хийж байхдаа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

"ВЕК" хувьцаат компани, манай Диспетчерийн үндэсний төв сүүлийн  гаруй жилийн хугацаанд цахилгаан эрчим хүч импортлох, экспортлох гэрээтэй. Гэрээний нөхцөлөөр ОХУ өөрөө чадлын чадлын дутагдалд орсон бол нэг өдрийн өмнө урьдчилж мэдэгдээд эрчим хүч нийлүүлэх цагийн хязгаарыг урьдчилсан байдлаар ажилладаг горимтой.

Энэ заалтын дагуу өчигдрөөс эхлээд энэ сарын 13-14-ний өдрүүдэд эрчим хүчийг 150 МВт дээш гаргаж чадахгүй гэдгээ мэдэгдсэн гэв.