УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран “New Image Cast бол 2012 оноос хойш хэрэглэж ирсэн санал тоолох төхөөрөмжийн албан ёсны нэр нь юм. 2023 оны төсвийн тодотголоор нөхөн бүрдүүлэлт хийгээд Улсын бүртгэлийн газар, Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл солилцож, төхөөрөмжийн хүртээмжийг нарийн тооцоолсон. Хэсгийн хороод дээр ажиллуулах төхөөрөмжийн тоо адилхан байгаа. Одоогоор бэлтгэгдсэн, бүрдүүлсэн төхөөрөмжийн тоо хангалттай хүрэлцээтэй” хэмээв.

СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Хяналтын тооллогын үйл ажиллагааг нээлттэй, ил тод явуулах үүднээс хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчид, ажиглагчдын төлөөллийг бүрэн оролцуулж, ажиллахад анхаарах зайлшгүй шаардлага бий.

Энэ утгаар өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр энэ чиглэлийн хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн. Үүнд,

  1. Санал авах байруудад хяналтын камер байршуулна. Камераар гар аргаар хяналтын тооллого хийж буй үйл ажиллагааг шууд дамжуулах, харуулах боломж бүрдэнэ. Тодруулбал, Камер байршуулах тухайд гэвэл өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуулиар бүрэн туршиж үзсэн. 2,100 орчим хэсгийн тал дээр reeltime дамжуулах боломжтой. Сүлжээгүй газруудад хяналтын камер бичлэгээ авч хадгалдаг зохион байгуулалтаар ажиллаж байгаа. 
  2. Өмнө нь хяналтын тооллогын үйл ажиллагаан зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллага оролцох боломжтой байсан бол нэмээд сонгогчдын төлөөлөл ажиглагчаар оролцох эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Түүнчлэн системийн хувьд 2012 оноос хойш хэрэглэж байсан систем өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл нөхөн бүрдүүлэлт л хийсэн. Шинэ систем, шинэ төхөөрөмж, программ хангамж ашиглахгүй. 2012 оноос хойш хэрэглэж байсан төхөөрөмжөө ашиглана. Мөн бүх хэсэгт гараар хяналтын тооллого хийнэ. Үүнтэй холбоотойгоор СЕХ журмаа боловсруулахад анхаарч ажиллах боломжтой" гэв. ​​​

Чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад 55.6 хувийн саналаар батлагдлаа. Тогтоолын төслийн эцсийн найруулга дээр саналтай гишүүн гарсангүй.