Монгол улс 18,19 дүгээр зуунд төргүй 200 жил болоод байлаа. Монголчууд Манж Чин улсын нөлөөн дор түшмэг улсын зиндаанд 200 жил оршиж байсан нь тэр. Гэхдээ бид Манжийн дарлал дор байгаагүй юм, харин манжийн нөлөөнд байсан юм. Монголчууд Манжтай гэрээ байгуулж, манж нар монгол нутгийг харийн түрэмгийллээс хамгаалах, Монголын нутагт хятад хүнийг оруулахгүй байх, хятад хүн Монгол нутагт орж алт ухахыг хориглох, хятад хүн Монгол эхнэр авахыг хориглосон, Монголчууд хэрэв хятадад бослого үймээн гарвал манжийн хаанд морьд гаргаж өгөх, шаардлагатай бол Монгол цэрэг гаргаж өгөх үүргийг энэхүү гэрээгээр хүлээжээ. Манж нар энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ 200 жилийн турш яг таг биелүүлсэн билээ.Тэд мөн Монгол ноёдод өндөр цалин пүнлүү олгодог байсан юм. Ер нь Манж нар Монголчуудад элэгсэг ханддаг байсан, Монголчуудыг манжийн төрийн өндөр албанд томилдог байсан. Учир нь Манжийн эзэн хаан Энх Амгалангийн эмэг эх нь Боржигин Бумбатай хэмээх Монгол хатан байжээ.Манжийн бусад хаад ч гэсэн Монголын алтан ургаас хатан буулгасан байлаа. Гэвч 1900-аад оноос эхэлж Манжийн хааны нөлөө багасаж Манж Чин улс доройтож хятадын нөлөө ихсэж эхэлсэн юм. Ялангуяа хятадын шинэ эргэлтийн бодлого гэгч гарч өвөр монгол нутагт хятадууд олноор ирж суурьшин газар хагалж газар тариалан эрхэлж монголчуудын нөлөө, бие даасан байдал багасаад байдал хүнд болсон. Хятадууд бүр гадаад Монголд хүртэл ирж суурьшихыг эрмэлзэж байлаа.

 

 

Манж Чин улсад хятадууд манжийн төрийг эсэргүүцэж мөхөөгөөд оронд нь Хятадын бүгд найрамдах улсыг байгуулах гэж зэхэж байлаа.Манжийн төр ч гэсэн авилгалд баригдаж ялзран доройтож байв.  Чухам ийм эгзэгтэй үед Монголыг тусгаар тогтносон улс болгохын төлөө 1911 оны хавар Түшээт хан Чин ван М.Ханддорж, Их Хүрээний Да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Баяндэлгэрийн Хайсан нар санаачлан Богд Жавзандамба хутагтад айлтгаж тусгаар тогтнох асуудлыг Монголын том ноёдоор хэлэлцүүлэхээр тогтжээ.

 

 

Дараа нь Их Хүрээнд 1911 оны 7-р сард Даншиг өргөх нэрийн дор Чин ван Ханддорж, Түшээт хан ван Чагдаржав, Эрдэнэ ван Намсрай, Сэцэн хан аймгийн жанжин Эрдэнэ далай ван Гомбосүрэн, Да лам Цэрэнчимэд нар нууцаар зөвлөлдөж “ Манжийн засгийн бодлогыг няцааж цаашид Манжийн харьяанд хэрхэвч байж болохгүй, үүний тулд хаант Орос улсаас мөнгө болон зэвсгийн тусламж гуйж, хэлэлцээр хийж, улмаар монголчуудын эцсийн том зорилго бол Ар Монгол, Өвөр Монгол хоёрыг нэгтгэсэн тусгаар тогтносон Нэгдсэн Монгол улсыг байгуулах явдал” хэмээн нууц шийдвэр гаргасан байна.

 

 

Ийнхүү монголын ноёд Их Хүрээний ойрын аймаг, хошуудаас татсан, голдуу Түшээт хан аймгийн жанжин Ханддоржийн цэргүүдээс бүрдсэн 1000 гаруй монгол цэргийг нийслэл Хүрээнд бөөгнөрүүлж 1911 оны 12-р сарын 29 ний өдөр Манжийн амбанг нутгаасаа хөөж, туурга тусгаар Богд хаант Монгол улсыг байгуулж, төр шашныг хослуулсан жинхэнэ монгол төр тогтносон юм. Манжийн амбан Сандог Монголоос хөөхөд онц хүндрэл гарсангүй. Учир нь Манжийн Сандо амбаны дэргэд нийслэл Хүрээнд бие хамгаалагч цэрэг,түшмэд, тогооч нар нийлээд тавь хүрэхгүй хүмүүс байв. 

 

 

Монгол улсыг туурга тусгаар болох үйлсэд Чин ван Хандорж үнэлж баршгүй гавьяа байгуулсан.Чин ван Ханддорж 1911 оны 11-р сард хаант Орос улс руу нууцаар явж хаант Оросын Засгийн газар болон Цэргийн яамтай үр дүнтэй хэлэлцээр хийж,ирээдүйн Богд хаант Монгол улсын  цэргүүдэд зориулж 15 000 винтов буу, 7,5 сая сум тусламжаар авахаар болж үүний дүнд Богд хааны монгол цэргүүд орчин үеийн зэр зэвсэгтэй болов. Орчин үеийн зэвсэгтэй болсон монгол цэрэг манжаас ч айхаа болив, гамин цэргээс ч айхаа болив. Богд хаан 1912 оноос эхлэн Оросын Эзэнт улстай харилцаагаа улам бэхжүүлж зэр зэвсэг, хаант оросын цэргийн сургагч нарыг Монголд авчирч Хужирбулангийн цэргийн сургууль байгуулж Богд хаант монгол төрийн цэрэг армийг орчин үеийн арми болгож бэхжүүлэв. 

 

Гэтэл 1913 онд Дундад улсын ерөнхийлөгч Юан Шикайн тушаалаар Өвөр Монгол руу таван чиглэлээр 40 000 /зарим эх сурвалжид 70 000 гамин цэрэг гэж бичсэн аж / гамин цэрэг хөдөлснийг дуулсан Богд хаан нэн даруй хариу арга хэмжээ авав. Хятадын эрх баригчид Монгол улсын тусгаар тогтнолыг огт хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Орос улс ч гэсэн монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байв. Ганц улс л Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байдаг юм.Тэр бол Түвд улс. 

 

Богд хаан 10 000 шахам Монгол цэргийг цуглуулж Манлай баатар Дамдинсүрэнгээр удирдуулж таван замын байлдаан хийж, Өвөр Монголыг түрэмгийлсэн хятадын 40 000 гамин цэрэгтэй 10 гаруй удаагийн их,бага тулалдаан хийж хятад цэргийг ялав. Богд хаант төрийн монгол цэрэг Өвөрмонголыг 1913 онд чөлөөлж, хятадын Цагаан хэрэмд тулсан байлаа.  Өвөр монголын ард түмэн “Богд хааны шар цэрэг ирж биднийг хятадын савраас чөлөөллөө” хэмээн ихэд баярлалдаж байв. Таван замын байлдаан 1913 оны хавраас эхлэн 1914 оны 1-р сар хүртэл амжилттай явагдсан юм. Удалгүй 1914 онд Хятад, Орос улс Бээжин хотод монголын асуудлаар гэрээ байгуулж монголын цэргийг өвөр Монголоос гаргахаар болжээ. Орос улс монголын цэрэгт буу сум нийлүүлэхээ зогсоожээ. Монголын цэрэг өвөр Монголоос аргаүйн эрхэнд цэргээ гаргалаа. Хаант Орос, Хятад улс Монголыг хавчин хяхах бодлогоо үргэлжлүүлж 1915 онд Хиагтын гэрээ гэгчийг байгуулж Өвөр Монголыг маань Хятад улсын мэдэлд үлдээхээр шийджээ. Энэ шударга бус гэрээг өвөр монголын Бавуужав шударга гүн эрс эсэргүүцэж хятадын цэрэгтэй баатарлагаар байлдсаар 1916 онд дайны талбарт нас барав.   Тэр цагт тусгаар тогтносон шинэ Монгол улсаа харийн болон дотоодын дайснуудаас хамгаалж бэхжүүлэх нь тун бэрх хэцүү байлаа.1918 оноос эхлэн Монголын арми өмнөх 5 жил шигээ байлдааны зэвсэг, буу сум, мөнгөн зээл, тусламжийг хаант Орос улсаас авч чадахаа байжээ. Учир нь 1917 онд хаант Орост улсад хувьсгалчид хаант төрийн эсрэг үймээн самуун дэгдээж, Орос орны төрийн эрх мэдлийг нийслэл Петрбург хотноо  Троцкий тэргүүтэй еврей большевикууд төрийн эргэлт хийн хууль бусаар булаан авч улаантан большевикуудын харгис дэглэм тогтоов. Улаантан еврей большевикууд Оросын хаант засгийн үеийн цэрэг,офицерууд, сэхээтнүүд, чинээлэг баячууд,чинээлэг тариачид, христийн шашинтнуудыг хэдэн саяар нь хөнөөж байлаа. Оросын улаантнууд 3.0 сая цэрэгтэй хүчирхэг улаан армийг байгуулжээ. Оросын улаан арми тэднийг эсэргүүцсэн 250 000 цагаан гвардийн цэргийг ялав. Дэлхийд улаан коммунизмын эрин үе ийнхүү эхлэв.

 

Энэ үеэс эхлэн хаант Орос үгүй болсон тул Монголын Богд хаант төр гадаад харилцаагүй болов. Богд хаант Монгол Улс эдийн засгийн хүнд байдалд оров. Тэр үед Монголын зарим ноёд “шарынхан толгой дээр гарлаа” хэмээн Богд гэгээнд дургүйцэж Богд хаант Монгол төрийг унагахыг оролдож байлаа. Богд хаант Монгол улс шарынхан ба харынхан хэмээн хагаралдаж эхэлсэн нь хожим ихээхэн хор уршиг болсон юм.  

 

Богдын Засгийн газрын хоёр том төлөөлөгч болох шарын төлөөлөгч Да лам Цэрэнчимэд, харын төлөөлөгч Чин ван Ханддорж нар хоорондоо тэрсэлдэх болов. Богд хаан Да лам Цэрэнчимэдэд илүү талтай боловч зөрчил хэт хурцдаад ирэхээр нь тэнцвэртэй байдал тогтоохын тулд Бүгд Хэргийг Ерөнхийлөн Шийтгэх Яам байгуулан Ерөнхий сайдаар Чингисийн алтан ургийн Сайн ноён хан Намнансүрэнг томилов.  Халх Монголын ноёд дахиад л өөр хоорондоо хямарч эхэллээ.Тэд Хайсан гүн, Удай гүн зэрэг монголын тусгаар тогтнолын төлөө гавьяа байгуулж зүтгэсэн өвөр монголын ноёдыг хавчин гадуурхаж Ар Монголоос хөөж явуулжээ. Тэрхүү эмзэг бэрх цагт Богд хаант Монгол улсад нөхөж баршгүй эмгэнэлт явдал боллоо. Богд хааныг залгамжилж тусгаар тогтносон Монгол улсыг цаашид удирдах чадвартай гэгдэж байсан Чингисийн алтан ургийн Батмөнх даян хааны удам Эрдэнэ дайчин чин ван , Монгол улсын Гадаад яамны тэргүүн сайд Минжиддоржийн Ханддорж 1915 онд тархиа ташуураар хэн нэгэнд бяц цохиулан нас барав. Чингисийн алтан ургийн Батмөнх даян хааны удам, Сайн ноён хан, Монгол улсын анхны Ерөнхий сайд Төгс – Очирын Намнансүрэн 1919 онд найран дээр бусдын өгсөн архинд хордож нас барав. Монгол Улсын Дотоод яамны сайд Цэрэнчимэд 1914 онд, Эрдэнэ ван Намсрай 1920 онд бусдад хорлогдож нас барав. 1919 онд Ерөнхий сайд Намнансүрэнг нас барсны дараа оронд нь Да лам Бадамдорж хэмээх шарын шашны төлөөлөгч томилогдов.  

 

Хиагтын гэрээний дагуу Монголд сууж байсан Хятадын төлөөлөгч Чен-И Монголд тулгарсан энэхүү хүнд байдлыг чадмаг ашиглан Монголын Гадаад хэргийн сайд Цэрэндорж зэрэг ноёдыг хятадын талд урвуулан татах бодлогыг амжилттай явуулж байв. Тэрбээр Монгол Улс хаант Орос улсаас мөнгө зээл тусламж авч чадахгүй болж, эдийн засаг хүндрэлтэй байсныг далимдуулан Монголын ноёдод Манжийн үеэс дутахгүй ихээхэн шан харамж олгох амлалт өгчээ. Чен И 1915 оны Хиагтын гэрээгээр тогтоосон Монголын автономийг монголчууд өөрсдөө хүсэлт гарган устгах тухай “ 64 зүйлт гэрээ” гэгчийг боловсруулан монголын төрийн эрх барьж байгаа ноёдод тулгасан. Үүнийг Өвөр Монголын Манлай ван Дамдинсүрэн тэргүүтэн “Хятадын заль мэх” хэмээн үзэж эрс эсэргүүцэж байхад харин Халх монголын төрийн зүтгэлтэн Цэрэндорж нарын түшмэд ихэд дэмжиж байжээ. 1919 онд Монголын төрийн эрх барьж байсан ноёд хоорондоо маргаж, ялангуяа цэргийн зардал хэн гаргах юм гэдэг асуудал дээр шарынхан, харынхан өөр өөр байр суурьтай байлаа. Ерөнхий сайд Г.Бадамдоржоор удирдуулсан шашныхан цэргийн зардал гаргалцахгүй гэв.

 

Харин харынхан гэх Чингисийн угсааныхан, ноёд, язгууртнууд: “Сүм хийдийнхэн баян. Та нар цэргийн зардал гарга” гэж байлаа.Тэгээд харынхан “Хойд хөрш улаан Орост болж байгаа самуунаас хамгаалуулахаар Хятадаас цэргийн хүч дуудъя” гэсэн асуудал тавьжээ. Шарынхан болохоор “Бид зардал гаргахгүй. Гэхдээ хятадуудыг оруулж ирүүлэхгүй” гэсэн байна. Ийнхүү хэсэг ноёд, ван, гүн нар “лам нараар толгойлуулсан төрийг” эсэргүүцэж Чэнь И-тэй хуйвалдах замаар автономийг устгахаар үгсэн тохирчээ. Сэцэн ханаас – Шүүх яамны дэд сайд Навааннэрэн, Түшээт ханаас - Дотоод яамны дэд сайд Пунцагцэрэн, Сайн ноён ханаас - Цэргийн яамны сайд Жамъяндорж, Засагт ханаас- Жалханз хутагтын нэрийн өмнөөс Гадаад яамны сайд Цэрэндож нар Чэнь И-тэй хэлэлцээ хийж нэг талаас Хятадын Ерөнхийлөгчийн төлөөлөгч, нөгөө талаас Монгол ноёдын дэвшүүлсэн төлөөлөгч гэсэн адил зиндаатай хоёр албан тушаалтанд засгийн эрхийг шилжүүлэх болзолтойгоор автономийг татан буулгахаар тохиролцжээ.Энэхүү хичээнгүй сайд Цэрэндорж нь Монголын автономит төрийг буулгаж хятадын харьяалалд Монголыг оруулах сонирхолтой хүн байв. Хожим нь Цэрэндорж улаан оросын большевикуудтай хамтарч Монголыг улаан оросын дагуул улс болгохоор зүтгэх болсон. Харин Ерөнхий сайд Г.Бадамдорж энэхүү 64 зүйлт гэрээг тууштай эсэргүүцэж байв. 1919 оны 11-р сард нийслэл Хүрээг түрэмгийлэн эзэлсэн хятадын генерал Сю Шу Жан Бадамдоржийг “монголын автономыг буулгах гэрээнд гарын үсэг зур, гарын үсэг зурахгүй бол чамайг Бээжинд хүчээр хүргэнэ” хэмээн сүрдүүлэхэд Бадамдорж: “Би амиа алдсан ч энэ гэрээнд гарын үсэг яасан ч зурахгүй” гэж байсан нь түүхэнд бичигдэн үлджээ.

 

 

1919 онд Монголын Гадаад яамны тэргүүн сайд Б.Цэрэндорж Монголын автономийг татан буулгах асуудлыг түргэн хэлэлцэж эхлэхийг Чен И-д сануулан “Ван, гүнгүүд Хүрээнд байгааг ашиглан дээр дурьдсан хэргийг аль болох ойрын хугацаанд шийдвэл зохистой” хэмээн шавдуулж байсан баримт бий. Удалгүй Чен И Бээжинд мэдээлэхдээ: “Гадаад Монголын ван, гүн, ноёд Монголын автономитыг цуцлах тухай хүсэлт бэлэн болсныг дурьдаад, харин Монголын чин ван лам Бадамдорж, Эрдэнэ Шанзодба, Да лам нар “64 зүйлт гэрээ”-нд гарын үсэг зураагүй” гэжээ. 

 

 

1919 онд Монголд бодит байдал ингэж л өрнөжээ. Монголын дотоодод улс төрийн хямралтай байдлыг нь далимдуулан Монгол ноёдын хүсэлтээр 1919 оны 10 дугаар сард Сю Шужаны удирдсан хятадын 4000 гамин цэрэг нийслэл Хүрээнд ямар ч саадгүй орж байрлав. Үүний араас 1919 оны эцэс гэхэд нэмж 10000 гамин цэрэг Хүрээнд ирж байрлажээ. Ингэж нийслэл Хүрээ 15 000 хятадын гамин цэргийн түрэмгийлэлд ганц ч буун дуу гаргалгүйгээр өртсөн юм. Чен-И ба Сю Шүжан нар хоорондоо зөрчилдөн улмаар Сю Шүжан Чен-Иг баривчилан Дундад улсын нийслэл Бээжинд хүргүүлсний дараа Монголын автономийг устгах гэрээ бичигт монголын эрх бүхий ноёдоор гарын үсэг зуруулахаар цэргийн хүчээр сүрдүүлж, энэ гэрээнд гарын үсэг зуруулав.  Ийнхүү 1919 онд хятадууд Монголын автономит төрийг устгах ёслолыг нийслэл Хүрээнд ихэд сүржин хийв. Дараа өдөр нь хятадын гамин цэрэг Богд хаант монгол төрийн цэргийн 10 000 шахам винтов буу, 1 сая 700 000 ширхэг сумыг хураан авч Хүрээнд суурьшиж байсан Богд хаант төрийн 5000 монгол цэргийг тараажээ. Хятадууд Богд хааныг гэрийн хорионд хийв. Богд хаант Монгол төр ийнхүү дөнгөж найман жил оршин тогноод урвагч Монгол ноёдын балгаар мөхсөн нь хамгийн гутамшигт явдал байсан юм.  Хэрэв Монголчууд хилийн цэргээ татан буулгаагүй бол, Богд хаант төрийн их буу, пулемёт, винтов буугаар зэвсэглэсэн 5000 туршлагатай цэргээрээ нийслэл Хүрээг хамгаалж байсан бол, Монгол ноёд хятадын цэргүүдийг эх орондоо дуудан ирүүлж автономит Монгол төрөө устгаагүй бол Богд хаант Монгол Улс хэвээр үлдэх байлаа. 

 

Доржийн СҮХБААТАР