Нямбаатар аа, цүнх баригчаа биш, ажилчдаа сонс!

Уг нь бид хотын шинэ мээртэй болсон санаатай юм. Тэгсэн өнөөх маань ажлаа авахдаа л "Давс шиг шорвог байх болно" энэ тэр гээд ярвайгаад байхаар нь за тогооч хийх нь дээ гээд бодлоо. Тэгсэн удалгүй хэдхээн саарал автобусаараа шоудаад, бараг л нэг автобусны мөнгөөр зөндөө PR явууллаа. Хахаж унадагийн даваан дээр кино хийгээд эхэлсэн. Хотын гэр хорооллоор машинтай ч явлаа, явган нүцгэн ч алхлаа. Бидэнд чухам хотын түүх соёлоор лекц уншаад алах нь ээ.

Нөгөө кинондоо хөөрхөөн тоглочихож байгаа юм. Жүжигчин, найруулагч талдаа хүн юм даа гээд харж байтал гэнэт шидэт саваатай Харри Поттер болоод явчихдаг юм байна. Метроны шугамаа хэдхэн жилд метр километрээр нь тавина гэж амлалаа. Ганц хоёр дохиод, шидэт саваагаа үлээлээ, нийслэлчүүд метрондоо бүгд жаргах юм байх. Тэгсэн гэнэт өнөөх маань өнөө өглөөнөөс сурагч болчихсон!

Одоо гадаадаас хүн авчирч цас мөс, давс хужир дөрвийг хэрхэн учруулахыг шийднэ гэсэн. Энэ хооронд улаанбаатарчууд уран гулгалтын хүндрүүлсэн дамжаа төгсөөд, 2024 оны олимпт орох талдаа шуудрах байх оооо. Хүүе, Нямбаа сурагч аа, хот тохижилтын хамгийн олон жил ажилласан, хамгийн өндөр настныхаа үгийг сонсооч ээ, яг сайхан хэлээд, янтгар чамтай ялархаад байлгүй туршлагаа хуваалцана за.

 

Эх сурвалж: Р.Эмүжин