УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор яг одоо УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэнтэй холбоотой хариуцлагын асуудлыг өнөөдөр хаалттай хуралдаанаар хэлэлцсэн юм.


Тус дэд хорооны хуралдаан эхлэхэд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “энэхүү асуудлыг хэлэлцэхийн тулд УИХ-ын гишүүний эрхийн хүрээнд нухацтай ярилцах шаардлагатай учир хаалттай хэлэлцэх нь зүйтэй” гэсэн горимын санал гаргасныг гишүүдийн дийлэнх нь дэмжснээр тус хуралдаанд Ёс зүйн дэд хорооны гишүүд болон тухайн асуудлыг хэлэлцэж байгаа хүн болох С.Баярцогт нар л оролцсон.


УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор УИХ-ын дэд дарга С.Баярцогтын асуудлыг хэлэлцээд түүнийг ёс зүйн алдаа гаргасан гэж гишүүд үзлээ.

Ёс зүйн алдаа гаргасан УИХ-ын гишүүнийг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулах, сануулах, сахилгын хариуцлага хүлээлгэх, УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг оруулж хэлэлцүүлэх гэх мэт арга хэмжээ авдаг байна.

Энэ удаагийн асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ. Тиймээс С.Баярцогтод ямар хариуцлага хүлээлгэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж шийдэх юм байна.