Б.Серик барилдах эрхээ сэргээгээгүй
2024/01/16
“Ургацын баяр-2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасан улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан билээ.
Тодруулбал, тэрбээр хоёрын даваанд сумын заан А.Тодмагнайтай барилдах үедээ түүнийг нидэрч байгаа үйлдэл телевизийн дуранд өртөж, бөх сонирхогчдын дургүйцлийг хүргэсэн. Тэгвэл Б.Серик заан уг үйлдэлдээ уучлалт хүссэн.
Харин энэ үйлдлийг нь Үндэсний бөхийн холбооны зүгээс хянаж үзэн Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хасав. Тэгвэл түүнийг барилдах эрхээ сэргээлгэхээр Бөхийн өргөөнд болж байгаа барилдаануудад хөлийн цэцийн туслах хийж байгаа түүний барилдах эрхийг сэргээжээ гэх мэдээлэл тараад буй.
Учир нь тэрбээр зургаа дахь удаагаа хөлийн цэцээр ажилласан тул хуулийн дагуу ийнхүү шийтгэл нь дууссан гэх хүн олон байсан. Улсын заан Б.Серик өөрийн цахим хуудастаа "Алдар хүндийг 20 жил хичээж босгодог. Харин унахдаа тулбал таван минут л хангалттай. Зургаан барилдааны турш хөлийн цэц хийж үзлээ. Бас л чанга ажил байна" гэж сэтгэгдлээ бичсэн байна.
Энэ асуудлаар Монголын үндэсний бөхийн холбооноос тодруулахад, "Улсын заан Б.Серык өөрийн хүсэлтээр хөлийн цэцийн туслахын ажил хийе гэсэн. Бид үүнийг нь зөвшөөрсөн. Энэ нь түүний барилдах эрхийг сэргээх үндэслэл биш. Тийм дүрэм журам байхгүй. Харин тэрбээр одоо дахин өргөдөл гаргаж, хүсэлт өгвөл ёс зүйн зөвлөл хуралдах байх" гэлээ.