Монголын мянга мянган уншигчтай People сэтгүүл PEOPLE AWARDS арга хэмжээг 8 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Нийгэмд эерэг хандлага түгээх зорилготой энэхүү арга хэмжээгээр салбар бүртээ амжилттай яваа хүмүүсийг олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. Дэлхийн People  сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ үр бүтээлдээ, эерэг зөв сайхан үйл ажиллагаа явуулдаг Онцлох хүмүүс, байгууллагыг зарласан байна.

Бүтээсэн дүр нь үзэгчдийн ой тоонд хамгийн тодоор үлддэг гэлцдэг СТА С.Ариунбямба “Онцлох урлагийн хүн”-ээр тодорчээ. Түүнийг олон бүсгүйчүүд крашилдаг гэнэ лээ. 

Тэрбээр 25 жил урлагийн салбарт хүчин зүтгэж, 50 гаруй жүжиг, 30 гаруй кинонд гол ба туслахын дүрийг бүтээсэн байна. “Ану хатан”, “Тэгри чину”, “Ар хударга”, “Содура”, “Цурам ажиллагаа”, “Аравт”, “Үргээлэг”, “Босуул”, “2000”, “Сүүн замын сахиул” зэрэг дэлгэцийн бүтээл,  “Худалч эхнэр”, “Гэрлэх гэсэн нь”, “Ялагдашгүй ганцаардал”, “Хүүхэн засуул” гэх олон тайзны дүрээр С.Ариунбямбыг үзэгч олон мэднэ. Ямар ч дүрийг гайхалтайгаар амилуулж, тоглосон дүр бүхнээрээ уран бүтээлээ чимж чаддаг С.Ариунбямба нь Монгол Улсын Гавьяат жүжигчин Ч.Сүхээгийн хүү, удам дамжсан ясны урлагийн хүн юм.