Метрог сонгуулиас гурван сарын өмнө биш, гурван жилийн өмнөөс ярьсан бол үнэмшилтэй юм даа
2024/03/05
Энэ жил сонгуулийн жил. Сонгууль дөхөж байгаагийн гол баталгаа бол улс төрийн намууд, эрх баригчид сонгогч олон, ард түмэндээ диваажин амлаж эхэлдэг.
“Иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргана. Ингэснээр хүн бүхэн жаргалтай амьдарна” гээд УИХ-ын ээлжит сонгууль бүхний өмнө уриа лоозон дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө боловсруулж, итгэл үнэмшилтэйгээр ярьдаг. Сүүлийн 30 гаруй жил ард түмэн “диваажингийн үлгэр”-ийг сонссон. Улстөрчдийн, намуудын ярьсан, амласан, хэлсэн бүхэн нь худлаа байсан. Зүгээр л сонгуулийн шоу, ард түмнээ хууран мэхэлсэн тохуурхал байсныг нь өнөөгийн Монголын нийгэм бэлхэнээ гэрчлээд өгнө.
Яг одоо Монголд метро барих тухай яриа хөвөрч, дээр дооргүй шуугиан болж байна. Улаанбаатар хот удахгүй метротой болно. 17 км урт замтай, 14 зогсоолтой өдөрт 10-12 мянган хүн тээвэрлэнэ. Ердөө 1000 төгрөгөөр л явна гээд сүйд болцгоож байна. Газар сайгүй самбар байрлуулаад. Бараг л метротой болчихсон юм шиг сэтгэгдэл төрөхөөр.Гэвч энэхүү яриа, төсөл хөтөлбөр эрх баригчдын сонгуулийн өмнөх өнөө ээлжит үлгэр шиг санагдаад байна. Учир нь Монголын төрийг удирдаж байгаа Ардын намын нөхдүүд метроны төслийг сонгуулиас гурван сарын өмнө яаран сандран ярих биш, харин гурван жилийн өмнөөс ярьсан бол үнэмшилтэй санагдах байлаа.
Метро бол үнэхээр хэрэгтэй. Улаанбаатар хот баруунаас зүүн, зүүнээс баруун тийш Энхтайваны өргөн чөлөөгөө дагасан нарийн зурвас бүхий замын ганцхан хөдөлгөөнтэй. Уг голдирол чиглэлийн дагуу метро барина гэдэг хамгийн зөв шийдэл. Шар хөвийн дөрөлжөөс Налайх хүртэл 20 км газарт баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлийн дагуу метро барья гэж манай сонин олон удаа бичсэн. Тэгвэл Амгалангаас Толгойт өртөө хүртэлх 17 км газарт Энхтайваны өргөн чөлөөг дагасан шугамыг барьж, баруун зүүн чиглэлийн метро барих тухай яригдлаа. Метротой болбол түгжрэлээс гадна газар доогуур дэлхийн хотууд шиг том хот босно.
Худалдааны том төвүүд, олон улсын стандарт бүхий молл дэлгүүрүүд, төрөл бүрийн хоолны газар, баар, ресторан гээд газар доогуур бүхэл бүтэн том ертөнц бий болно. Үйлчилгээний газар, баар савнаас гадна газар доорх ертөнц чинь цаг зэвүүн болсон өнөө цагт монголчууд бидний хоргодох байр болно. Ямар нэгэн аюул тулгарлаа гэхэд Улаанбаатарынхаа утааныхаа цаана л нуугдана гэж боддоггүй юм бол бидэнд өөр хоргодох газар алга. Финланд улс гэхэд 5.3 сая хүн амтай. Харин газар доороо 4.4 сая хүн багтах 54 мянган бункер хоргодох байртай гэдэг. Мөн бүх хурдны зам нь доороо тэсрэх бөмбөгтэй байдаг юм гэсэн. Хурдны замаар нь дайсны цэрэг ирлээ гэхэд ганцхан кноп дараад л шууд устгах боломжтой гэсэн үг.
Улс орон өөрсдийнхөө аюулгүй байдлыг ингэж хамгаалдаг байна.Түүнээс бид нар шиг хоорондоо хэрэлдээд, цахимаар элийрч балайрсан нэгнийхээ тухай ярихаас өөр хийх ажилгүй, нийтээрээ мунхарсан юм шиг ангайж суугаа ийм улс гэж хаана ч байхгүй. Аюул тулгарвал тэр ах маань хамгаална, өмөөрнө гээд ертөнцөд байхгүй юманд найдаад санаа амар сууна гэдэг дэндүү эмгэнэлтэй. Ер нь туурга тусгаар бол тусын дайсан гэгчээр ах дүү улс орон гэж энэ дэлхийд байдаггүй. Тиймээс аль нэгэн улсыг ах гэж дээр дооргүй элийрдгээ одоо болих хэрэгтэй. Улс орны аюулгүй байдал хоргодох байрнаас эхэлдэг болохыг дэлхийн том хотуудын жишиг бидэнд харуулсаар байна. Метро тун чухал, түүнээ дагасан газар доорх хот нь монголчууд бидний хоргодох байр болно гэдгийг толгойтой бүхэн сайн бодох хэрэгтэй. Сүүлийн найман жил засаглаж байгаа Ардын намынхан метрог өнөөдөр биш, ядахдаа өмнөх сонгуулийн дараа ярьсан бол гэж зэвүү хүрээд байх юм.
Улс оронд хамгийн хэрэгтэй энэ бүтээн байгуулалт ард түмнийг хуурах гэсэн ээлжит жүжиг нь байх вий гэхээс харамсал төрөөд байна.Гурван жилийн өмнө эрх баригчид дүүжин тээвэр гэж хий дэмий цовхчиж байхын оронд метрогоо ярьж, түүнээ хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж, жаахан сэтгэл гаргасан бол мөн ч их хэрэгтэй байх байлаа. Монголчууд бид улс орны амин чухал ажлаа аль болохоор ярихгүй, түүнийг тойроод байх шиг санагддаг. Үндсэндээ Монгол Улсын хөгжил дэвшилд хэрэгтэй, үүнийг хэрэгжүүлбэл улс орон хөгжин дэвшинэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйлийг ярих болохоор ямар нэгэн зүйл саад болдог. Ямар нэгэн аргаар хориглож, хаачихаад байх шиг санагддаг. Тэгээд л хамгийн хэрэгтэй зүйлээ огтоос ярихгүй орхиод, тойроод байдаг.
2008 оноос Улаанбаатарын замын түгжрэлийн тухай яригдсан. Замын түгжрэлийг шийдэх цорын ганц арга нь метро болохыг дэлхийн хотуудын түүх хэлээд өгдөг. 2004 онд одоогоос 20 жилийн өмнө “Шар айраг”-ийн Г.Ганхүү “Улаанбаатар хот нэг сая иргэнээ хүлээн авлаа. Нэг сая хүн амтай дэлхийн метрополис хот боллоо. Метрополис хотод заавал метро байх ёстой” гэж бичиж байсан. Дараа нь НИТХ-ын төлөөлөгч байхдаа метро барих ажлыг мөн ярьж байсан. Гэтэл Ганхүүгээс өөр метро ярьсан, түүнийг хийхийн төлөө зүтгэсэн хотын удирдлага, эрх баригч байсангүй. Замын түгжрэлээ яаж шийдэх тухай, тэг зогсолт боллоо, цаашид яах тухай хий дэмий шүлсээ үсэргэж байснаас ганц гарц метрог хэн ч яриагүй нь гайхмаар. Монголд замын түгжрэл, утаа хоёр шиг толгойны өвчин болсон асуудал байхгүй.
Гэвч энэ хоёрыг шийдэх шиг амархан юм байхгүй. Метро тавиад л замын түгжрэл шийдэгдэнэ, ганц цахилгаан станц барьж бүх айлаа цахилгаанаар холбоод, тень тавиад л утаанаас салчихна. Гэвч эрх баригчид энэ хоёрыг хийхгүй,
метро тавихгүй, станц барихгүй, энэ тухай ерөөсөө ярьдаггүй нь гайхширал төрүүлмээр. Цаанаас нь ямар нэгэн хүн битгий ярь, битгий хий гэж удирдаад байх шиг санагддаг. Ардын нам найман жил засаглахдаа ганц ч үг ганхийгээгүй хэрнээ яг сонгууль дөхсөн энэ үед метро гэж дуугарлаа. Ээлжит молиго үмхүүлэлт, шилний цаанаас долоолгосон чихэр гэж бодохоор үнэхээр урамгүй байна. Гэхдээ улс орны амин чухал энэ асуудлыг сонгуулийн шоу мэтээр ойлгон хаа хаанаа ингээд орхичихож болохгүй.
Ер нь аливаа ажлыг зүгээр нэг яриад хий дэмий шүлс болгоод орхидгоо одоо больё. Хэлсэн ярьсан бүх зүйлдээ хариуцлагатай, хууль ёсны дагуу ханддаг болох хэрэгтэй. Г.Занданшатарын даргалж буй энэ удаагийн парламент ирэх сонгуулиар бий болсон дараагийн шинэ парламент бүрдтэл хүчин төгөлдөр ажиллана. Хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нар нэн даруй метроны хууль өргөн барьж УИХ-ын чуулганд оруулах хэрэгтэй байна. Хаврын чуулганаар хэлэлцэх гол ажлын нэг нь метроны хууль байх хэрэгтэй. Дараагийн шинэ Засгийн газар уг хуулийг мөрдөн ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх нь зөв. 2029 он гэхэд метро бүрэн ашиглалтад орно гэдгийг хатуу хуульчлаад, энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хийгээгүй Засгийн газар болон хариуцсан тухайн албан тушаалтанд “Улс орны хөгжилд зориудаар саад хийсэн” хэмээн үзэж хатуу хариуцлага хүлээлгэх ёстой.
Ингэж байж бидний ажил урагшилна. Урьдынх шигээ хий хоосон үлгэр яриад өнгөрдөг, хэн нэгэнд хариуцлага хүлээлгэдэггүй, бахь байдгаараа байвал бид улам уруудан доройтсоор байх болно. Улс орны хувь заяатай холбоотой бүх зүйлийг хууль ёсны дагуу шийддэг, хуульчилж өгдөг ийм л зарчим руу явах нь чухал. Тиймээс метроны төслийг сонгуулийн шоу болгох биш, УИХ-ын чуулганаар хуульчилж өгөх нь чухал.
Д.Батболд
Зочин · 2024/03/05
DYRA TAWILTSI80955877
Зочин · 2024/03/05
SEKSEER SERLN80955877
Зочин · 2024/03/05
Үнэн шүү . Сонгууль тулсан энэ үед олон худлаагийн нэг нь болж таарлаа. 3-н сарын өмнө биш 3-н жилийн өмнө ярьж эхэлсэн бол итгэх байлаа.
Зочин · 2024/03/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/05
TANILTSI80955877