Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-ын Олон нийтийн төвд энэ сарын 21-нд “Нийтийн эзэмшлийн зам талбайд ашиглагдаж буй тусгай зориулалтын бодис, асуудал шийдэл: Авлигын эрсдэл, хор уршиг, хүний эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг болсон юм. 

Хэлэлцүүлгийн үеэр

  • иргэдийг бухимдуулж буй зам, талбайн халтиргаа гулгааг арилгахад олон улсад түгээмэл хэрэглэж буй таван төрлийн химийн бодисоос сонгон уусмал бэлтгэх аргуудыг ашигладаггүй,
  • дулааны хэмжилт хийдэг багаж, тоног төхөөрөмж байдаггүйгээс болж төсвийн үргүй зарцуулалт хийгдсээр байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэл бий болж байгаа гэдгийг хэлэлцүүлгийн оролцогчдоос хэлж байв.

Иймээс

  • нийслэлээс 2020-2024 онд давс, бодис нийлүүлсэн нийт 23.9 тэрбум төгрөгийн тендер, худалдан авах ажиллагааг шалгах,
  • Гаалийн төв лабораториос авсан судалгааны хүрээнд хилээр нэвтэрч буй давсны мэдээлэл, Нийслэлийн Захирагчийн албанаас худалдан авалт хийсэн мэдээллийг судлан гэмт хэргийн шинжтэй эсэхийг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэхээр тогтсон юм.

Энэ асуудалд хэрхсэн талаар АТГ-аас тодруулахад "Дээрх асуудлыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр яригдсан асуудлуудыг шалган тогтооно" гэлээ.