Улсын Драмын Эрдмийн Театр /УДЭТ/-ын уран бүтээлчдийн төлөөлөл театрын гаднах зогсоол, орц, гарц, газрын асуудлаар өнөөдөр хотын дарга Х.Нямбаатарт шаардах бичиг өглөө. 

Уран бүтээлчид хотын даргад дараах дөрвөн шаардлагыг хүргүүлж байгаа юм байна.

УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар "Нэгдүгээрт манай театрын арын хаалга хойно баригдсан өндөр барилга руу орж байгаа хүмүүсийн дамжин өнгөрөх болчихсон нь хүндрэлтэй байна. 

Хоёрдугаарт УДЭТ нь Д.Нацагдоржийн нэрэмжит боловч хөшөө нь хаа байсан хамааралгүй Улаанбаатар зочид буудлын өмнө байна. Иймд тэр хөшөөг УДЭТ-ын урд авчруулах санал тавьж байгаа юм. Энэ саналыг өмнөх үеийн удирдлагууд ч тавьж байсан. 

Гуравдугаарт өмнө нь байсан зогсоолыг болиулж, 900 саяын бүрэн тохижилт дууссан нь энэ гэж бидэнд хүлээлгэж өгсөн. УДЭТ-ын байранд УДЭТ, Үндэсний Урлагийн Их Театр, Хүүхэлдэйн театр гэсэн гурван байгууллагын 500 гаруй уран бүтээлчид ажилладаг. Үзвэр үзэхээр ирсэн үзэгчдэд зогсох зогсоол юу ч байхгүй болчихсон учир маш их гомдол, санал ирж байна. Иймд зогсоол болон орц, гарцаа шийдүүлмээр байна. 

Дөрөвдүгээрт одоо Irish-н мэдэлд очсон гэж буй хашаагаар хашчихсан хэсэг газрыг бидэнд зогсоол болгож өгнө гэж хотын дарга асан Д.Сумьяабазарын зөвлөх байсан Д.Мөнх-Эрдэнэ бидэнд амлаж урд байсан зогсоолыг ажиллуулахаа больсон юм. Эргээд бид амласан зогсоолоо авъя гэтэл хотын дарга солигдоод тэр жижиг газар тэрбум шахуу төгрөгөөр зарагдсан сурагтай байсан" гэв. 

 

УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх "Драмын театр маань айлын орц болчхоод байна. Арын орц гарцаар манай ажилчид биш арын том цагаан байрны айлын хүмүүс цуваад байна. Хумсалсаар байгаад бид орох, гарах гарцгүй, үзэгчид машинаа тавих газаргүй боллоо. 

Арын өндөр, цагаан барилга баригдахаас эхлээд л 10 гаруй жил шаардлага тавьж байна. Анх маш том газартай байсан ч одоо бол тал талаараа барилгаар чихэлдэж дүүрлээ" гэв.