Ирэх сарын цаг агаарын төлөвтэй танилц
2024/03/26
ЦУОШГ-аас ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын төлөв байдлыг танилцууллаа.
Баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увсын баруун, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1–3ºС–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр олон жилийн дунджаас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Хөвсгөлийн нутаг, Архангайн баруун, Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1–3ºС–аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–4ºС–аар дулаан, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас орчим, хур тунадас ахиу байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд хур тунадас орж, агаарын дундаж температур нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1–3ºС–аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн эхээр олон жилийн дунджаас 1–3ºС–аар дулаан, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нугтаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байгаа бол цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.