Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчийг жирийн иргэн биедээ авч явах хуулийн зохицуулалтгүй
2024/04/16
Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ерөнхий боловсролын 147-р сургууль дотор нулимс асгаруулагч цацсан юм шиг байна, хүүхдүүдийн хоолой боогоод байна" гэх дуудлага, мэдээлэл 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 10:43 цагт ирснийг хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Урьдчилсан байдлаар тус сургуулийн сурагч биедээ авч явсан "Нулимс асгаруулагч" мэт хий төлөвтэй зүйлийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан нөхцөл байдал тогтоогдож, тус сургуулийн сурагч, ажилтан, алба хаагчдын толгой өвдсөн, нулимс нь гоожсон, нүд хорссон гэх зовуурьтайгаар эмнэлгийн байгууллагын тусламж аваад байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлсэн юм.
Мөн ЭХЭМҮТ-өөс "147 дугаар сургуулийн 30 гаруй хүүхэд нулимс асгаруулагчид хордсоны улмаас хүргэгдэн ирсэн. Эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлэн усанд оруулж, хордлого тайлах эмчилгээг эхлүүлсэн" гэх мэдээллийг өдөр өгсөн билээ.
Албан бус тоогоор тус сургуулийн 100 гаруй хүүхдүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Монгол-Японы нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн юм байна. Хүүхдүүд эмнэлэгт хүргэгдээд цаг гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд шаардлагатай анхны тусламж авсны дараагаар нэгдсэн шинжилгээ өгнө гэдгийг эмнэлгийн байгууллагаас өгсөн юм..
Тэгвэл нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчийг жирийн иргэн биедээ авч явах хуулийн зохицуулалтгүй юм байна. Тодруулбал, Цагдаагийн албаны тухай хуульд бол тусгай хэрэгсэл гэж хуульчилсан бөгөөд цагдаагийн алба хаагчид хэрхэн биедээ авч явж, хэрэглэх талаар маш тодорхой зохицуулсан байдаг. Мөн гэрээт харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хуулийнхаа хүрээнд хэрэглэдэг юм байна.. Жирийн иргэд биедээ авч явахыг зохицуулсан зохицуулалтгүй. Дээрх бүртгэгдсэн мэдээллийн хувьд яг энэ байдлыг тодруулах гээд олон талт ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлдэг аж.