АН: С.Зориг агсны хэргийн материалыг ил болго, малчдыг зээлийн харилцаа руу бус өр рүү чирч байна
2024/04/22
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдааны шийдвэрээ, хэлэлцсэн асуудлаа танилцууллаа.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-аас сүүлийн үед гарч буй шийдвэрүүд нь сонгуульд зориулсан, шууд иргэдэд мөнгө тараахаар шийдсэн байна. УИХ-аар хуулиудыг зөрчсөн, зөрчилтэй хууль гаргах замаар сонгогчдын саналд нөлөөлөхийг оролдлоо. Монголын мал аж ахуйд шинэчлэл хийх ёстой гэдэгт санал нэгддэг. Хийж буй арга хэрэгсэл, цаг хугацаа нь сонгууль руу чиглэгдэж байна. Малчдыг зээлийн харилцаа руу бус өр рүү чирч оруулахаар байна.
Сонгууль бүрээр С.Зориг агсантай холбоотой улс төр яригддаг. Үүнээс нэг улс төрийн хүчин хожиж байдаг. Нэг нь буруутан болдог. Энэ хэргийн материалыг одоо хүртэл ил болгодоггүй. С.Зориг агсны хэргийг нээлттэй болгохоор манай бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж, албан бичгээр шаардана" гэв.
Мөн УИХ-ын гишүүн Н.Ганибал "Газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлыг илүү ойлгож байгаагийн хувьд хэлэхэд малчдын хүсэж захиж байгаа зүйл нь зээл тэглэх асуудал. Энэ асуудлаар АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын тогтоолын төсөл өргөн бариад хоёр сар болж байна. УИХ-ын дарга нь төслийг хүлээж авдаггүй, авахаас зугтаадаг ийм парламентын засаглалтай болсонд үнэхээр гутарч байна. Бид энэ асуудлаар ҮХЦ-д хандаж байгаа.
Хоёрдугаарт, малчдын зээлийн асуудал дээр Засгийн газар юу ч дуугарахгүй мөртлөө хоршооны асуудлаар дамжуулан малчин өрхүүдэд зээл олгох асуудлыг гаргаж ирж байгаа нь хамгийн буруу шийдэл гэдгийг албан ёсоор хэлье.
Орон нутагт очоод ажиллахад хоршооны талаар мэдээлэлтэй малчин өрх өнөөдрийн байдлаар алга. Мэдээлэлгүй хүмүүст өөрсдийнх нь хариуцлага хүлээх энэ зээлийг олгоно гэдэг маш бүдүүлэг зүйл. Өөрөөр хэлбэл өөрсдөд нь шууд очихгүй зээлийг олгох гээд байна.
Малчин өрх өөрсдөө энэ зээлийг аваад ашиглах тухай яригдахгүй байгаа. Энэ хуульд малчдын хоршоог төлөөлөөд хэн нэгэн энэ зээлийн зарцуулалтыг хийнэ. Энэ зээлийн хяналтыг малчид маань бүрэн хийж чадах эсэх нь эргэлзээтэй" хэмээн ярилаа.
Зочин · 2024/04/22
SEXSDI80955I77