Д.Амартүвшин: Либертари намын гурван хүн АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ
2024/04/23
Либертари намын дарга, комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.
Либертари нам УИХ-ын 2024 оны сонгуульд АН-тай хамтарч оролцохоор боллоо. Улстөрийн зургаан нам санал тавьсан гэсэн. АН-ыг сонгох болсон шалтгаан юу вэ? Өөр ямар намууд санал ирүүлсэн байсан бэ?
Нэгэнт хамтарч ажиллаагүй юм чинь нөгөө намуудын нэрийг зарлаад яах вэ. Ер нь гурван том нам, хоёр эвсэл, нэг жижиг нам байсан. Ингээд Либертари намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүдтэйгээ ярилцсан. Маш ширүүн яриа өрнөсөн. Хамгийн гол нь Либертари нам Улсын Дээд шүүхэд бүртгүүлж амжаагүй. Гэсэн хэдий ч хүмүүсийн итгэлийг аваад явж байгаа учраас УИХ-ын 2024 оны сонгуульд хэрхэн оролцох вэ? Ямар ч гэсэн орох нь зүйтэй, энэ удаагийн сонгуулийг алдаж болохгүй. Тэгж байж 2028 оны сонгуулийн талаар ярих ёстой гэдэг шийдвэр гарсан. Яаж ч бодсон АН зүгээр юм байна, гэхдээ эвсэж биш, хамтарч ороод, Либертари намаас гурван хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явья гэдэг шийдвэрт хүрсэн.
АН-тай аль тойрогт, хэн гэдэг хүнийг нэр дэвшүүлэх талаараа нарийн тохирсон болов уу?
АН-тай нарийн асуудлаа яриагүй байгаа. Либертари нам дотроо хэн хэн нэр дэвших вэ? гэдгээ ярилцсан. Тойрог дээр нарийн тохироогүй ч Нийслэлээс нэр дэвшье гэж АН-тай ярилцсан байгаа.
АН дотроо олон фракц, бүлгүүдтэй. Тэдгээрийн заримд нь та бас шүүмжлэлтэй ханддаг. “Женко” Х.Баттулга ч гэдэг юм уу. Ер нь Либертари нам АН хамтран ажиллахад хэр хүндрэл гарах бол? Яаж зохицуулах вэ?
АН гэж нэг том тогоо гэж бодож явснаас биш, дотроо хэн ямар фракцтай, яаж явдаг талаар нь ойлголт байгаагүй. Сүүлийн хэдэн уулзалтын дараа ерөнхий зураг гарсан. АН гэж нэг том шүхэр, доор нь хэд хэдэн том фракцтай. Зарим нь “Женко”-той, зарим нь өөр хүмүүсийн фракцип харьяалагдаад явдаг. Яг одоогоор АН-д гурван том фракц байгаа юм байна. Либертари намын хувьд бие дааж, АН-ыг илүү баруун тал руу нь чирэх жигүүр юм уу клуб болоод явья гэж ярилцсан. АН-д “Их Монгол” гэдэг том нэгдэл байдаг юм байна. Тэр нэгдлийн дэргэдэх клуб болоод явах бодолтой байна.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-тай хамтарч орох саналыг Либертари намын гишүүд 100 хувь бүгд зөвшөөрөөгүй байх. АН-тай хамтран сонгуульд орох энэхүү саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
Намын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог гишүүдтэйгээ хамт сууж байгаад, асуудлаа сайн муугийн дэнсэн дээр тавьж байгаад ярилцсан. Маш олон талаас нь ярилцсан. Гишүүдтэйгээ ярилцахаас гадна Удирдах зөвлөл 5-6 удаа хуралдлаа. Ингээд аль нь илүү ашигтай байх вэ? мөн хамгийн гол асуудал бол бидний үзэл бодлыг буюу либертари үзлийг хүлээн зөвшөөрөх эсэхийг гол болгосон. Ингээд ярихад АН-ын зүгээс манай нам бол баруун төвийн үзэл баримтлалтай нам учраас бидний хооронд хол зөрүүтэй зүйл алга. Та бүхэн либертари үзлээ яриад явахад АН-ын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлсэн. АН-ын хувьд Монгол Улсад байгаа хоёр дахь том улстөрийн хүчин. Тийм ч учраас сонгуулийг ашиглаад, ийм том намаар дамжуулж либертари үзэл санааг маш олон хүнд түгээх боломж байгаа юм байна, энэ боломжийг алдаж болохгүй юм байна гээд шийдвэрээ гаргасан.
АН-ын 2024 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг харж амжсан уу? Либертари намын үзэл баримтлалаас хэр зөрүүтэй байгаа бол?
Харсан. Нэлээн олон зүйл дээр санал нийлсэн. Гэхдээ сонгуулийн хуулиараа одоо ярьж болохгүй юм байна лээ. Сонгуулийн үеэр бид бариад явахад болохоор олон заалтууд байсан. Тийм учраас ямар нэгэн асуудал гарахгүй байх гэж бодож байна.
Сүүлийн өдрүүдэд телевизээр болон цахим орчинд гараад байгаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэвтрүүлэг, мөн саяхан цацагдсан С.Зориг агсны гэргий Б.Булганы оролцсон нэвтрүүлгүүдийн талаар ямар бодолтой байна вэ?
Үүнийг ярихаасаа өмнө Монголын улстөрийн байдал ямар байгаа талаар ярих нь зүйтэй байх. Сүүлийн найман жилийн турш засагласан МАН өөрөө дарангуйлагч болоход бэлэн болчихсон байна. Тэнд Л.Оюун-Эрдэнэ байна уу? Өөр хэн байх нь хамаагүй. Эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд юу ч хийхэд бэлэн болчихож. Бид намын гишүүдтэйгээ ярилцаж байгаад хэрэв жижиг намуудтай хамтран УИХ-ын сонгуульд орвол МАН-д л туслах юм байна гэдгээ ойлгосон. Энэ дарангуйллыг тогтоохгүй л гэвэл АН-тай эвсэхээс өөр аргагүй. АН-тай л эвсэхгүй бол МАН-д туслаад, АН-ын саналыг хуваадаг нам болох юм байна. Тэмцэх гээд байгаа дарангуйллаа эс үйлдлээрээ ч юм уу, мэдэхгүйдээ дэмжих гээд байгаа юм байна гэдэг аргумент гишүүдийн дундаас гарсан. Үнэхээр ч тийм юм байна гэж бодсон. Тийм учраас бидний эхний зорилт бол өнөөдрийн энэ данхайсан, олон төрийн байгууллага болчихсон байгаа, авлигажсан, ялзарсан намтай тэмцэх нь хамгийн чухал асуудал юм. Бидний эрх чөлөөний хамгийн том дайсан бол эрх мэдэл нь төвлөрсөн, төрийг данхайлгасан МАН өнөөдрийн Монгол Улсын хамгийн том аюул болчихож. Та бүхэн анзаарсан байлгүй. Хөгжил цэцэглэлт огт ярихгүй, 2,3 долоо хоног хов ярьж, хүмүүсийг талцууллаа. Яагаад өөрсдийнхөө бузар, булайг ярихгүй, хүмүүс рүү чичсэн ховын чанартай юм л яриад байгаа юм бэ? С.Зоригийн хэрэгт үнэхээр санаа зовсон юм бол өнгөрсөн найман жил юу хийсэн юм бэ? Найман жил чинь урт хугацаа биз дээ? Үнэхээр л энэ хэргийг илрүүлэх чин хүсэлтэй байсан юм бол өнгөрсөн найман жил ямар ацаа хийж байсан юм бэ? Сонгуулийн өмнө гаргаж ирээд, сонгууль дуусаад л С.Зоригийн хэрэг мартагдана. Миний хувьд энэ хэргийг олон нийтэд ил болгооч ээ, битгий нуугаад, хов жив тараагаад байгаач ээ. Монголчууд ухаалаг шүү дээ. Тийм учраас өөрсдөө дүгнэлт хийх боломжийг нь олгооч ээ. 20 гаруй жил өнгөрлөө. Одоо хангалттай шүү дээ. Дөрвөн жилийн өмнө нэг хуульчийн хийсэн видеог үзсэн. Хэрэв энэ хэргийг ил болгочихвол худлаа улстөрждөг байдал үгүй болно. Хэдэн сонгууль дамнаж байгаа билээ? Одоо болно шүү дээ. Тэр хов живийг нь энд би бас хов болгоод ярихгүй гэдэг байр суурьтай байгаа.
Зарим иргэний нийгмийн байгууллагууд, иргэний хөдөлгөөнүүд АН-ын тодорхой лидерүүдийг МАН-ын гар хөл болж, МАН-ын заавраар ажилладаг гэж ярьдаг. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
Гол нь тэр асуудлыг болиулах гэж, цэвэрлэх гэж бид АН-тай хамт сонгуульд орж байгаа шүү дээ. Либертари нам бол АН-ыг баруун тийш нь чирэх бульдозер байх болно. Мэдээж нам учраас дотроо тэмцэл, маргаан, зөрчлүүд нь байна. Гэхдээ бид улстөр гэхээсээ илүү үзэл санаагаар нь чирэхийг илүүд үзэж байгаа. Либертари намын гол уриалж байгаа зүйл бол баруун төвийн нам, чөлөөт зах зээл, жижиг төр, хувь хүний эрх чөлөөг дэмжиж байгаа залуус нь наашаа ирж, бидэнтэй нэгдэж масс болооч ээ. Энэ зодооноо больчих. Бүгдээрээ үзэл санаагаа ярья гэдэг чиглэл рүү явна.
АН-тай хамтрах шийдвэрээ намын гишүүдээ ярилцсан гэж байна. Хэдийгээр гишүүнээр элсэж амжаагүй ч ЛИбертари намыг дэмждэг хүмүүс нэлээн байгаа болов уу. Тэдний зарим нь Либертари намын тодорхой хүмүүс УИХ-ын сонгуульд АН-ын нэр дээрээс дэвшээд, дуу хоолой нь алга болчих вий? АН-д шингэчих вий гэдэг болгоомжлол байж магадгүй. Энэ тухай Либертари намыг дэмжигчдэд хандаж юу гэж хэлэх вэ?
Либертари намыг Улсын Дээд шүүх бүртгээгүй юм чинь бидэнд өөр сонголт байсангүй шүү дээ. Намаа бүртгүүлэх гээд эцсээ хүртэл үзлээ. Улстөрийн намын тухай хуулиар сонгуулиас өмнө 90 хоногт шинээр бүртгэхгүй гээд заачихсан. Яг үнэндээ бидэнд байгаа хамгийн сайн сонголт энэ л байна. Гэхдээ би ганцаараа шийдсэнгүй. Удирдах зөвлөл, идэвхтэй гишүүдтэйгээ ярилцлаа. Бүх зүйлийг л харлаа. Мэдээж ямар нэгэн шийдвэр бүх хүнд таалагдахгүй. Түүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Ямар ч гэсэн намын удирдах зөвлөл, идэвхтэй гишүүд энэ шийдвэрийг гаргалаа. Энэ шийдвэртээ үнэнч байна, дагаад явна. Хамгийн гол нь чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төр, бага татвар, төрийн дарамтыг багасгах чиглэл рүү л явья. Улстөр нь яах вэ. бидний цалингаас хэдэн хувийг нь төр аваад байгаа юм бэ? үүнийг багасгая. Бид нар гудамжнаас орилоод суувал хэдэн ч жил орилж магадгүй. Тэр хооронд энэ данхайсан төр чинь улам томроод, 2028 онд ардчилсан сонгууль болохгүй ч байх магадлалтай байна. Хүний өмчийг дураараа дэрээмдээд авчихдаг боллоо. Бид аль хэзээний дарангуйлал руу орчихсон байна. Үүнийг зогсоохгүйгээр хоорондоо хэрэлдээд байвал бүтэхгүй нь ээ. Тийм учраас бөөнөөрөө ярьж байгаад, жинлүүрийн туухайн дээр сайн мууг нь жинлэж байгаад бидэнд илүү ашигтай хувилбараа сонгосон шүү. Энэ сонголтондоо маш итгэлтэй байгаа. Нэгэнт хийсэн сонголт, галт тэрэг хөдөлсөн. Тийм учраас гал тэргээ илүү хүчтэйгээр баруун тийш нь чирэх хүсэл байна. Түүнийгээ ч харуулна. Цаг хугацаа бүхнийг харуулна гэж хэлье.
Либертари намыг Улсын Дээд шүүх бүртгэчихсэн байсан бол энэ удаагийн сонгуульд хэрхэн оролцох талаараа ярилцаж байсан уу?
Ярилцсан. Уг нь бид намаараа сонгуульд оролцох гэж л бүртгүүлэх гээд янз бүрээр үзлээ шүү дээ. Сүүлдээ Дээд шүүх Либертари намд зориулаад том мэдэгдэл хүртэл гаргасан. Улсын Дээд шүүхтэйгээ муудалцлаа. Янз бүрийн л юм боллоо. Үнэхээр бүртгэхгүй байгаа юм чинь өөр яах билээ. Хэрэв бүртгэсэн байсан бол Либертари намаараа л сонгуульд орох байсан. Түүнд эргэлзэх зүйл байхгүй. Тэгэх гэж л намаа бүртгүүлэх гээд явж байсан. Харин өнөөдөр АН бидэнд боломж олгож байгаа юм. Нэгэнт бүртгүүлж чадаагүй бол наашаа орж ирээд, яриад байгаа үзэл санаагаа хэрэгжүүлэх гээд үз. Учир нь танай намын үзэл санаатай бид зөрчилдөхгүй, ойролцоо байна. Тийм учраас ороод ир гэж байгаа юм.
“Жижиг төр” гэж үг хүмүүст сонин санагдах байх. Учир нь төр том, хүчтэй байх ёстой гэж онолдож байгаа үед энэ “жижиг төр” гэдэг үгийн учрыг хэлж өгөхгүй юу?
Монголын төр арай дэндүү данхайчихсан байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа мөнгөний 60-70 хувийг төр ганцаараа зарцуулж байна. Тийм учраас төрд очих сонирхол дүүрэн байна. Жижиг төр гэдэг нь аль болох бага зардалтай, цөөхөн яамтай байх ёстой. Жишээлбэл, Монгол улс 22 яамтай байна шүү дээ. Ийм олон яамаар яах юм? Гэтэл Япон улс 130 сая орчим хүн амтай хэр нь 12 яамтай. 8 сая хүнтэй Швейцар улс долоохон яамтай ажиллаад болоод байна. Манайд дээрээс нь мухар олгой шиг болчихсон дэд сайд гэдэг албан тушаал байна. Яагаад үүнийгээ больдоггүй юм бэ? Төрийн албан хаагчдийн тоо нь жил бүр нэмэгдээд байдаг. 110 мянга байсан бол одоо 260 мянга болтлоо нэмэгдчихсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр биднээс авдаг татварийн хэмжээ нэмэгдэж, тэдний зарцуулдаг мөнгө ихэснэ. Зарцуулдаг мөнгө нь ихэсхээр төр авлигажна. Авлигачид муухай гээд хараагаад байгаа хэр нь төрөө улам томруулаад байдаг нь ямар учиртай юм бэ? Үүнд логик алга. Тэгэхээр төр хамгийн боломжит жижиг хэмжээндээ, хамгийн үр дүнтэй ажиллах ёстой. Биднээс хамгийн бага татвар авах ёстой. Одоогийн төр шиг нүсэр хэр нь үр бүтээлгүй төр ерөөсөө хэрэггүй. Ийм төртэй байх юм бол Монгол Улс удахгүй сүйрнэ. Монгол Улсад хүмүүс үг хэлж чадахаа больж, дарангуйлал руу орно. Өмчтэй байж чадахаа болино. Хэн нэгэн дарга нь ирээд хураагаад авчихдаг болно. Торгодог, барьж аваад шоронд хийчихдэг болно. Үүний эсрэг буюу бид “Жижиг төр”-ийн төлөө явах болно.
Танд баярлалаа.
Ярилцсан М.Чойжал
SONIN.MN
Зочин · 2024/04/24
Ардчилсан нам гэж хэдэн тийшээ харсан.Их монголч гэнгүүт.Гранд монгол гэнгүүт үгийн цушлуулага.Либёртари гам гэж юу байдаг юм.