Гудамж цэвэрлэгч гурван сая төгрөгийн цалинтай боллоо. Багш, эмч нар хэдэн төгрөгийн цалинтай болох вэ, Х.Нямбаатар дарга аа!
2024/04/29
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хотын байдлыг сайжруулахаар олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр зүтгэж байх шиг байна. Үүний нэг нь хотын гудамж талбайг цэвэрлэж буй ажилчдын цалинг зургадугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөг болгохоор болсон.
Мөн ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцна, бас гадаадад сургана өөрөөр хэлбэл Герман улсад сургана гэж зарласан. Үүнд ТҮК-ийн ажилчид бөөн хөөр болсон. Тэднийг хараад бид ч баярласан. Нэгнийгээ хоолтой байхыг хараад баярлахгүй хэн байх вэ. Сайхан байсан.
Гэхдээ Х.Нямбаатар дарга аа, эрдэмтэн мэргэд, шинжлэх ухааны академийн судлаачид, багш, эмч нарын цалин хэзээ нэмэгдэх вэ. Сонсох нь ээ, сая гаруйхан төгрөгийн цалин авдаг гэж дуулдах юм. Суух автобусны, алхах гудамжны цэвэрлэгчийн цалин өндөр байгаад баяртай байна. Гэхдээ миний, таны, бусдын хүүхдийн харах нүд, хандах хандлага, сэтгэх сэтгэлгээнд чухал нөлөөтэй багш нарын цалинг нэммээр байна.
Ааг амьсгаагүй гүйгээд очиход тосч аваад чадах бүхнээ хийдэг эмч нарын цалинг ч мөн нэммээр байна. Нийгмийн, улс орны, дэлхий нийтийн хөгжлийг чимээгүйхэн чирч яваа бидний ирээдүйн баталгаа болсон эрдэмтдийн цалинг бас л нэммээр байна.
Учир нь аль ч нийгэмд үе давхарга гэж бий. Тэр үе давхаргын боловсролын зэрэглэлээсээ хамаарч цалингийн үечлэл нь тогтдог. Энэ бол дэлхий нийтэд жам ёсны зүйл. Тиймээс нийгмийг нийгэм шиг байлгахын тулд эмч, багш нарын цалинг дор хаяж 10 сая төгрөг болгон нэмэх хэрэгтэй байна. Тэгж байж тэдний цалин, саяны цэвэрлэгч нарын цалингийн нэмэлт мөн дэлхийн жишигт дүйцнэ. Ингэсэн тохиолдолд нийгмийн хөл нь хөлдөө, толгой нь толгойдоо байна. Хэрвээ эрдэмтэн мэргэд, багш, эмч нарын цалинг нэмэхгүй бол нийгэм хөл дээрээ биш толгой дээрээ зогсох нь. Аргагүй шүү дээ. Өчнөөн мөнгө төгрөг, цаг зарцуулж нийгмийн сэхээтэнлэг давхаргад хүрдэг, тэр нь гудамжны цэвэрлэгчийн цалинг бараадахааргүй бага байвал хэн тэгж их мөнгө төгрөг, цаг зав, энергиэ зарах вэ дээ. Багшаар ажиллаж байсан хүний хувьд та үүнийг маш сайн мэдэж байгаа байх гэж найдаж байна. Аль ч нийгэмд нийгмээ түүчээлэгчид илүү хөлс, илүү цалин авах ёстой. Нийгмийг түүчээлэгч нь гудамжны цэвэрлэгч биш эрдэмтэд, багш, эмч нар болон Монголын сэхээтнүүд билээ.
Тиймээс тэдний цалин дор хаяж 10 сая төгрөг байх ёстой. Тэр мөнгө хаана байна вэ. Та эсвэл нийгмээр тохуурхаж байна уу. Тохуурхаагүй л бол тэдний цалинг нэмэх хэрэгтэй. Хамгийн гол нь нэмлээ гээд төгрөгийн ханш унах ёсгүй. Цалинг 10 сая болгох гэж байна гээд Венесуэль шиг мөнгө хэвлээд унавал “Моносуэль” гэгч нь болно шүү. “Моносуэль” бол таны энэ цалин нэмэлтийг хараад ард түмний зүгээс танд зориулж гаргасан нэршил юм.
Венесуэль гэж баян улс байлаа. Яагаав ерээд онд Монголыг шуугиулж байсан “Халтар царайт”-ын өлгий нутаг шүү дээ. Тэр улсын удирдагч Уго Чавес төр барьж байхдаа автобусны жолооч айхтар хүнд хүчир ажил гэсээр тэдний цалинг гурав дахин нэмчихсэн. Тэд иргэдээ яг л өнөөгийн Монголынх шиг нийгмээ халамжаар угжсан. Тэгэхдээ мөнгө ихээр хэвлэсэн. Үүний дараа баяны туйл болсон тэр улс ядуугийн туйл болчихоод сууж байна.
Өөр нэг жишээ. Сири улс л гэхэд 2013 онд эдийн засгаараа дэлхийд эхний 10-т эрэмбэлэгддэг байлаа. Тэгвэл өнөөдөр сүүлийн 10-т эрэмбэлэгдэж байна. Мэдээж тэдний энэ уналтад нийгмийн сэхээтэнлэг анги давхаргаа мартсан нь нөлөөлсөн. Ийн тэдний дотоодод гарсан бослого дээр гадны улс орнууд тоглолт хийсэн. Өнөөдөр Сири босохооргүй болтлоо бусдын хөлд гишгэгдчихээд байна шүү дээ. Тиймээс дэлхийн улс орнуудын гашуун туршлагыг туулахгүйн тулд мөнгөний ханшийг унагаж болохгүй. Бас нийгмийг түүчээлж яваа анги давхаргыг гишгэлж, тохуурхаж, дооглож та нарын хийж байгаа ажил гудамж цэвэрлэгчээс доор гэж үзэж болохгүй. Уг нь эхлээд сэхээтнүүдийн цалинг нэмэх ёстой байсан юм. Тэдний цалинг дагаад нийгмийн үйлчилгээ рүү мөнгө орно. Худалдан авалт, үйлдвэрлэлд мөнгө очно. Тэр хэрээр үйлчилгээ сайжрах байлаа.
Ер нь социалистууд юм бүтээдэггүй. Танай нам бол зүүний үзэл баримтлалтай социал демократ нам гэж өөрсдийгөө зарладаг. Хэрвээ социалист зангаар ийн хандаж байгаа бол одоо даруйхан боль. Монголыг дараагийн “Моносуэль” болгох энэ хорлонт бодлогоо зогсоо.
Нийгмийн үйлчилгээний ажлыг өөр маягаар зохицуулж болдог. Тухайлбал, БНСУ гэхэд хотыг цэвэрлэх талбай, хугацаа, үнэ өртгийг нь заагаад өгчихдөг. Тэр ажлыг хэн дуртай нь хийх боломжтой. Жишээлж хэлбэл, Энхтайваны өргөн чөлөөний 200 метр гудамжийг 06-08 цагийн хооронд цэвэрлүүлнэ, тэдэн төгрөг болно гэж зарладаг. Энэхүү ажлыг ажлын бус цагаараа нэмэлт орлого олох зорилгоор хүмүүс өглөө эрт очоод хийхээр гэрээлчихдэг юм билээ. Энэ мэтчилэн чөлөөт зах зээлийн зарчмаар зөв механизм хэрэгжүүлж болоод байна.
Ямартаа ч Х.Нямбаатар даргыг мөнгөний ханш унагахгүйгээр ТҮК, жолооч нарын цалинг нэмсэн шигээ сэхээтний давхаргын цалинг нэмэх аргаа мэдэж байж л энэ ажлыг хийсэн гэж найдаж байна.
Зочин · 2024/04/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh