С.Амартайван: Халаасны хулгай үйлддэг 1138 хүний 22.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна
2024/05/04
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Амартайвантай ярилцлаа.
-Өдрийн аль цагуудад халаасны хулгайн гэмт хэрэг хамгийн их бүртгэгдэж байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногийн даваа, лхагва, пүрэв гаригуудад бүртгэгдсэн нийт гомдол, мэдээллийн бүртгэгдсэн цагаар нь авч үзвэл 06:00-14:00 цагт 41 хувь, 14:00-19:00 цагт 35 хувь нь байна.Хүн их бөөгнөрсөн, хөл хөдөлгөөнтэй зах худалдааны төвүүд дээр, ажил цуглах, тарах үеэр автобусны буудал дээр, автобус дотор халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.
-ЕБС-ийн хүүхдүүд халаасны хулгайн гэмт хэрэгт өртөх нь их байна уу. Хэдэн насны хүүхдүүд гол бай болж байна?
-2024 оны эхний дөрөвдүгээр сард халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй 1500 орчим гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 7.9 хувьд нь хүүхэд хохирсон байна.
-Алдсан гар утсаа эргүүлэн олж авах хугацаа хэрэг тус бүр дээр өөр байдаг бололтой. Зарим нь хэдэн долоо хоног ч гэх юм уу, үүнд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?
-Энэ тал дээр иргэд хулгайд гар утсаа алдаж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа гар утсаа хаана, хэзээ алдсанаа санахгүй, гар утасныхаа IMEI (имей) кодоо мэдэхгүй байдаг. Мөн халаасны хулгайн үйлдэл нь хяналтын камерын бичлэгт ороогүй, хяналтын бичлэгт орсон боловч хулгай хийж байгаа хүний нүүр царай харагдахгүй байх зэрэг шалтгаанууд нь хэргийн илрүүлэлтэд нөлөөлдөг. Гэхдээ тус хэлтсийн алба хаагчид энэ төрлийн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлэх, нөхөн илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр тасралтгүй ажиллаж байна.
-Камерт гэмт хэрэг хийж байгаа дүрс бичлэг нь байхад хэрэг илүү амархан шийдэгдэх үү?
-Орчин үед ихэнх албан байгууллагууд камертай болоод байна. Цагдаагийн байгууллага хэрэг илрүүлэх явцад эерэг нөлөө үзүүлж байгаа. Камертай бол хэрэг илрэх ёстой, камергүй бол хэрэг шийдэгдэх гэж бодох боломжгүй. Камерт бичигдсэн бол шалгах, эрэн сурвалжлах үйл ажиллагаанд илүү үр дүнтэй.
-Имей кодоо мэдэж байгаа тохиолдолд тухайн гар утсыг илрүүлэхэд амар байдаг уу?
-Цагдаагийн байгууллага гэмт хэргийн замаар болон бусад байдлаар алдагдсан, гээгдсэн гар утас, бусад ухаалаг төхөөрөмжийг имей кодоор нь дамжуулан олох ажиллагааг үүрэн холбооны оператор компаниудтай хамтран хийдэг. Хэрэв та гар утсаа хулгайд алдсан, аль эсвэл гээсэн ч гар утасныхаа имей кодыг мэддэг байх хэрэгтэй. Энэ нь гар утсаа эргүүлэн олж авах боломжийг нэмэгдүүлдэг.
-Байнгын цагдаагийн хяналтад байдаг, гар утас хулгайлдаг хүмүүс хэр их байдаг вэ?
-Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 26 бүлгийн 143 этгээд, бүлэгт хамаарахгүй 995, нийт 1138 этгээдийн талаар мэдээлэл тус хэлтсийн сэжигтэй этгээдийн бүртгэл судалгаанд байдаг. Үүнээс 14 бүлгийн 65 этгээд, бүлэгт хамаарахгүй бие даасан 651 сэжигтэй этгээд халаасны хулгайн гэмт хэргийг идэвхтэй үйлдэж байна.
-Халаасны хулгайн эсрэг ялын бодлого хэр үр дүнтэй байна вэ. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар давтан хулгайн хэрэг үйлдэх тохиолдол их байна уу?
-Эрүүгийн хуулийн 17.1.1-т зааснаар хянан шийдвэрлэдэг. Ялын бодлогын хувьд хорих ял шийтгэл байдаг, гэхдээ нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг түлхүү ногдуулдаг. Давтан хэрэг гэдэг ойлголт байхгүй болчихсон. Өмнө нь гар утас хулгайлсан этгээд давтан гэмт хэрэг үйлдсэн учраас хорих ял өгдөг байлаа. Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд хуулийн цоорхойг ашиглаж байна. Давтан гэмт хэрэг гэсэн ойлголт байхгүй болсон учраас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд хорихгүй тохиолдлууд байна. Халаасны хулгайн гэмт хэргийг тогтмол үйлддэг этгээдүүд нь энэ үйлдлээрээ шүүхээр 2-14 удаагийн ял шийтгэгдсэн байна, нийт энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийн 90 хувь нь дахин халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг онцлогтой.
-Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс хэдээс хэдэн насныхан байна вэ. Эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх нь хэр их байна вэ?
-Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг нийт 1138 этгээд бүртгэгдсэнээс 261 буюу 22.9 хувийг эмэгтэй хүмүүс эзэлж байна. Насанд хүрээгүй халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд маш бага буюу 1-2 хувийг эзэлдэг. Тун удахгүй ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн төгсөлт, хонхны баяр болох гэж байна. Мөн урин дулаан зун цаг ирж, Монгол орны байгалийн сайхныг үзэхээр аялал жуулчлалаар гадаад улсаас аялагчид ихээр ирнэ, хөл хөдөлгөөн ихсэхтэй зэрэгцээд халаасны хулгайн гэмт хэргийн гаралт ихэсдэг юм. Иймд сурагч, оюутан залуус хүний бөөгнөрөл ихэссэн газарт явахдаа эд зүйлээ анхаарал болгоомжтой авч явах нь зүйтэй.
-Иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хүн өөрийнхөө эд зүйлд сонор сэрэмжтэй хандах ёстой. Дан ганц нийтийн тээвэрт гэлтгүй зах худалдааны төвүүд, хүний хөдөлгөөн ихтэй гудамж талбайд халаасны хулгай их үйлдэгддэг. Гудамж талбай олон нийтийн газраар явах, авто замын явган хүний гарцаар гарахдаа шалтгаангүй шахаж, хэт ойртож байгаа хүнээс болгоомжлох хэрэгтэй.
Өдрийн сонин
Зочин · 2024/05/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/04
Хулгайч дарга цэрэггүй маш хатуу хууль хэрэгтэй бна манайх хулгайчийг өөгшүүлдэг хамгаалдаг хуультай гэмээр улс
зочин · 2024/05/04
ард түмний амьдрал дордож ул биш гүнзгий нүх болчихоод хүн ам нь бүгд хулгайч их хурлын гишүүдээс болон бусад дарга нар чинь.хулгай хийх зиндаа түвшин нь өөр. тиймээс эдлэх ял нь ч өөр байх ёстой шүү