“Хамаг Монгол” төслөө амжилттай хэрэгжүүлж дуусгаад одоо “Дэлхийн Монгол” төсөлд анхаарлаа хандуулж буй МУГЖ С.Жавхлан саяхан “Халуун элгэн нутаг” дууг анд нөхдийн хамт дуулсан билээ. Буриад, Тува, Өвөрмонгол, Халимаг улсад өнгөрсөн жил аялан тоглолт хийгээд ирсэн тэрбээр энэ удаад дэлхийг тойрон аялахаар зэхэж, ажил амьдралынхаа олон асуудлыг цэгцэлж яваа сурагтай.

Тэгвэл дуучин залуу маань нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа анх “од” болж байсан үеэ дурсан, өөрийн үзэл бодлыг тун сонирхолтойгоор хуваалцжээ. МУГЖ С.Жавхлан “Олонд танигдаж, алдар нэртэй болоод ирэх үедээ хэдэн мянган ам.долларын үнэтэй цаг зүүж, брэнд хувцас өмсөхгүй л бол үхчих юм шиг санаж явсан нь бий. Харин амьдралыг арай өөрөөр харж, алдаж онохын цагт өнөөх айхтар гоёлуудаа хэрэглэхээс дургүй хүрсэн. Эдлэл хэрэглэлээ бусдад бэлэглэж, тоглолтын хувцаснуудаараа малын нэмнээ хийсэн” гэж ярьжээ. Харин хоёр ч удаа амьдрал зохиосон түүнээс нууц амрагийн талаар болон дахин өөр эмэгтэйд хайрлаж дурлах эсэхийг нь асуухад “Одоохондоо бага хатан “залах” тухай бодоогүй байна. Гэхдээ амьдрал гэдэг таашгүй оньсого. Юу ч болох юм билээ, одоо лав тийм зүйл бодоогүй байна” хэмээн хариулжээ. Тэрбээр одоо уртын дуучин Г.Эрдэнэчимэг болон хоёр хөөрхөн охины хамт амьдардаг билээ.

Б.Содон